Tuesday, 5 August 2014

Монгол хүн гэж хэнийг хэлэх вэ?

Үндэсний баяр их баяр, Наадам минь болж Монгол түмэн минь дэнж хотойтол, дэлхийг доргитол сайхан наадах гэж байна. Үндэсний телевиз болон сүүлийн үед олноор бий болсон телевизийн сувгуудаар Монгол түмний ёс заншил, соёл урлаг, тэр тусмаа Наадмын гол сэдэв болсон эрийн гурван наадмын тухай олон сонирхолтой нэвтрүүлгүүдийг ард түмэндээ цацан хүргэж байна.
Энэ сайхан ёс заншил, соёлдоо огшоод манай энэ ёс заншил, НҮБ-н дэлхийн соёлын өвд хүртэл багтсан дэлхийд ганц Монгол наадмын талаар гадаад ертөнц хир ойлголттой байдаг бол гэж бодлоо. Өнөө үед хүмүүс сонирхсон зүйлээ судалгааны материал, номноос хайх нь ховор болж, youtube, wikipedia-гаас хүссэн зүйлээ хурдан шуурхай, өнгөтөөр нь олоод үзчихдэг болсон. Харин эдгээр мэдээллийн асар том платформ дээр Монгол наадам, соёл урлагийн талаар хангалттай, үнэн зөв, сайн чанарын, хүнд хүрэхээр бичлэг, баримтат кино, дор хаяхнаа богино хэмжээний нэвтрүүлэг байна уу?
Youtube-р жишээ авч ярихад Монгол наадам гэж хайвал ЮНЕСКО-н хийсэн 10-н минутын бичлэг гарах ба яриа, дүрс хоёр нь маш зөрүүтэй, бөхийн бичлэг гарж байхад нум сум харвааны талаар ярих жишээтэй. Бага сага хэмжээний бичлэгүүд гарах ч бүрэн хэмжээний, мэргэжлийн бус тул хүн ойлгон хүлээн авахад бэрх.
Монгол морьний уралдаан гэж хайхад ABC-н хийсэн Монгол Дэрби гэгч гадаадынхны оролцсон реалити шоу хамгийн түрүүнд гарна. Монгол морьд, уяа сойлго, гийнгоо, уралдааны явц зэрэг тэр гайхамшигт зүйлсийг багтаасан, хүний оюун санаанд суулгаад өгөх баримтат кино, нэвтрүүлэг нэг ширхэг ч алга.
Наадам гэдэг сэдвийг орхиод энгийн Монгол бүжиг, Монгол уран нугаралт гэж хайвал цөөхөн хэдэн минутын бүжиг, нугарааны үзүүлбэрүүд ямар нэг тайлбаргүй гарах ба түүнийг гадаад ертөнц хэрхэн хүлээн авч буй нь тэдний комментуудаар харагдана буй за. Бичлэгүүд дээрх комментуудыг харвал ихэнхийг нь Монголчууд бичсэн байх ба цөөн хэдэн гадаадууд, Турк, Азиудын коммент харагдана. Монголчуудын комментууд ихэнх нь Чингисийн Монголчууд дэлхийд номер нэг, бид хамгийн мундаг нь, хараал идсэн хятадууд гэсэн утгатай. Харин гадаад хүмүүсийн сэтгэгдэлүүд тухай уран бүтээл эсвэл гүйцэтгэлд хандсан, үндсэрхэг үзэлгүй, зарим сөрөг нэгийг эс тооцвол их эерэг сэтгэгдлүүд оруулсан байх юм. Жишээ болгож нэгэн Ази охин Монгол бүжгээр (яг Монгол уу, үгүй юу гэдгийг би ч сайн мэдэхгүй байна) гадаадын уралдаанд оролцсон бичлэг дээрх комментуудыг оруулая.
   Манайхны комментууд: Тэр бол Монгол биш, хараал идсэн хятад. Тэнэг Хятад, Монгол бүжиг хийхээ боль. Энэ эмэгтэй бол Монгол биш гэх мэт.. Үргэжлүүлэн дээш уншаад байвал манайхны бичсэн маш их бүдүүлэг, доромжлолын үгтэй сэтгэгдлүүд байгаа.
Өөр олон бичлэгүүд дээр ч гэсэн яг ийм сэтгэгдэл, хандлагуудыг харж болно.
Сүүлийн үед манай залуучууд маш үндсэрхэг үзэлтэй болсон. Энэ бол зөв зүйл юм. Үндэсний ёс заншил, соёл урлагаа ч гэсэн маш сайн авч яваа. Манай урлагийн залуу үеийнхэн орчин үеийн хөгжмийг, үндэсний язгуур урлагтай нийцүүлэн залуу хүмүүст язгуур урлагийг ихээр сурталчилж байгаа нь олзуурхууштай зүйлс юм. Харин энэ мэт дэлхий дахины ханддаг том портал дээр бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, улс үндэстнээ буруугаар харуулах хэрэгтэй гэж үү.
Үндэсний үзэл гэдэг зүйлийг сэтгэл зүрхэндээ тээж явах нь маш сайн зүйл боловч түүнийг хэрхэн гаргаж илэрхийлэх нь маш том стратегийн асуудал гэж би боддог.
Намайг 2007 онд анх Япон улсад солилцооны оюутнаар явж байхад дэлхийн хорь гаруй орны залуу оюутнууд надтай хамт нэг хөтөлбөрт хамрагдаж байлаа. Хөтөлбөрийн гол зорилго нь өөр өөр улс орны залуу хүмүүс нэг дор цугларан, хамт сурч, амьдран өөр хоорондоосоо суралцах, өөрөөр хэлбэл дэлхий дахинд ганцхан Америк, эсвэл Европ зэрэг эдийн засгаараа хүчирхэг орны соёлууд байдийм биш өөр зөндөө олон аж амьдрал, соёл байдийм шүү гэдгийг амьдрал дээр ойлгуулах байлаа. Мэдээж бид Японы хэл соёл, түүхийг давуу суралцсан ч өөр орны соёл, хүн ардыг хүндэтгэх далд ухамсрыг бидэнд гүн суулгаж өгснийг одоо л би бодож ухаарч байна. Нэг удаа биднээс багш ингэж асуусан юм. What makes you Mongolian or American or any other Nations? буюу Юу чамайг Монгол хүн эсвэл Америк хүн эсвэл ямар нэг улсын хүн болгодог юм бэ? гэж. Бидний зарим нь цус буюу эцэг эх гэж хариуллаа. Тэгвэл эцэг нь Монгол мөртлөө, эх нь гадаад, тэгээд Монголд төрж өссөн, Монголоор ярьдаг хүүхэнд Монгол хүн биш үү? Эцэг эх нь хоёулаа монгол мөртлөө гадаадад төрсөн, Монголоор нэг үг ч ойлгодоггүй, ааруул ч идэж чаддаггүй хүүхэд Монгол уу? Эсвэл Морь унаж чаддаг хүн Монгол юмуу? Бид энэ тухай урт мэтгэлцээн үүсгэсэн ч үнэмлэхүй хариулт олж чадаагүй юм. Тэгэхдээ миний хувьд хүний ямар цустай, гаднаасаа ямар харагддаг нь хамаагүй Монгол сэтгэлгээтэй, Монголын төлөө сэтгэлтэй, Монгол ёс заншил, хэл соёлыг хүндэтгэн дээдэлдэг хүнийг би Монгол хүн гэж боддог.
Цөөхөн хэдэн Монголчууд бид Аугаа түүх, ёс заншил, соёл урлагтай боловч энэ мань орчин үеийн амьдралын хэв маягт шилжиж байгаа болон хүн амын цөөн байдлаас болж мартагдаж, мөхөн аюулд хүрээд байгаа билээ. Үүнийгээ бид аварч үлдэхийн тулд соёл урлагаа зөвхөн Монгол дотроо дэлгэрүүлэн хөгжүүлэх бус гадагшаа соёлын довтолгоо хийж, дэлхий дахины олон хүмүүст Монгол соёл, урлагийг тараан дэлгэрүүлэх ёстой юм. Магадгүй латин америк нийтийн бүжгийг мэддэггүй, бүжиглэдэггүй улс байдаггүйтай адил Монгол биелгээ, уран нугаралтаар гадаадынхан хичээллэж яагаад болохгүй гэж. Бид Япон, Солонгосын соёлын довтолгооны стратегээс яахийн аргагүй сурах хэрэгтэй. Бид гадаадынхныг чи манай бүжгийг битгий сураад бай гэж загнахын оронд энэ чинь ийм байдгийм гээд зүй ёсоор нь зааж өгөх хэрэгтэй. Бид соёлоо гадагш сурталчилахын оронд бүдүүлэг зан гаргах хэрэггүй гэдгийг залуучууд маань сайн ойлгоосой.

No comments:

Post a Comment