Wednesday, 9 July 2014

Латин бүжиг = чихэрлэг амьдрал

Хүн төрөлхтний үүсгэсэн сайхан зүйлсийн нэг бол яахийн аргагүй бүжиг билээ. Улс орон, үндэстэн бүр өөрийн газар нутаг, соёл иргэншлийн онцлогийг агуулсан бүжгийг хөгжүүлсэн байдаг. Монгол ардын бүжиг нь өдөр тутмын ахуйн амьдралаас урган гарсан хөдөлгөөнүүд болон манай орны үзэсгэлэнт байгалийн сайхныг шингээсэн байна. Дундад Ази Египет, Араб, Турк зэрэг улсуудаас гаралтай бэлхүүсний бүжигнээс эмэгтэй хүний гоо сайхан, уян налархайн дээдийг харж болно. Харин дэлхий дахинд маш их түгэж, олон хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн бүжиг бол аргагүй Латин америкийн нийтийн бүжиг билээ.
Урьд өмнө бид харийн орны эдгээр бүжгүүдийг зөвхөн телевиз, киногоор үзэж харж, шимтэн биширч байсан бол өнөө үед тэднийг эх орондоо сурч, хичээллэх боломжтой болсон байна. Энэ нь яахийн аргагүй Монголчуудын амьдрал илүү орчин үеийн хэв загварт шилжиж байгаагийн илрэл юм. Миний эцэг эхийн үеийнхэн, түүнээс өмнөх үеийг дурдаад ч яахав, залуучууд идэх өмсөх, үзэх, сонсох, сурах, хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх зүйлсээр дутагдан залуу насаа өнгөрөөсний хажуугаар маш эрт хүнтэй сууж хүүхэд гарган, амьдрал руу дэндүү эрт ордог байсаннь харамсалтай. Харин шинэ үеийн залуус гадаад оронд ихээр сурч, тэндхийн хэл соёлд суралцахын хажуугаар төрөл бүрийн урлаг, уран сайхны зүйлсийг эх орондоо нутагшуулан түгээж байна. Ер нь өөрийгөө хөгжүүлэх, дуртай зүйлдээ цаг гаргах, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, нэг олсон амьдралаа утга учиртай өнгөрөөх эрмэлзэл нь залуусын хувьд нийтлэг болж байна.
Миний хувьд багаасаа сонгодог урлаг, төрөл бүрийн бүжиг, хөгжимд дуртай байсан боловч бүх цагаа эрдэм ном сурахад зориулаад тэдгээрийг зөвхөн харж, сонсох төдийгөөр таашаал авдаг байлаа. Амьдралынхаа сурах явцыг дүүргээд, ажлын гараагаа эхлэн бас ч гэж тоймтой болж авсны дараагаар одоо галзуу юм шиг цаг хугацаатай уралдан сурч, ажиллахын оронд дуртай, хийхийг хүсэж ирсэн зүйлдээ цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулахыг хүсэх болжээ. Энэ нь ажил амбицаа хойш нь тавиад зугаацаад байна гэсэн үг биш,  зүгээр л өдрийн 14 цаг компьютерийн өмнө суугаа ажиллаж, ажлын стрессээ алколоор гаргадаг амьдралын хэмнэлээс илүү өнгөлөг, аз жаргалтай, утга учиртай амьдрал руу шилжихийг оролдоно гэсэн үг юм.
2012 оны сүүлээр би Монголдоо буцаж ирээд ихэнхдээ найзуудтайгаа уулзаад нэг газар сууж чөлөөт цагийг өнгөрүүлдэг байлаа. Сүүлдээ энэ мань уулзах хэдэн хүмүүс, уулздаг хэдэн газар гэгчээр нэгэн хэвийн уйтгартай болоод ирэв. Эдийн засгийн хувьд ч хэмнэлтгүй, санхүүгийн хувьд ч тааруухан хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгээд ч бас сэтгэлзүй, гоозүй, эрүүл мэндийн хувьд ч тусгүй. Ингээд би Ёоганд явж үзлээ. Өмнө гадаадад анхан шатны Ёогад хагас жил явж байсны хувьд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нэгдүгээрт, хэт олон хүн бага талбайд шахцалдан дасгалаа хийдэг, хоёрдугаарт хөлстэй гарахад усанд орох боломжгүй, гуравдугаарт багш нарын арга барил тааруухан, суралцагчдын дундуур явж яг зөв хийж байгаа эсэхийг тэр болгон шалгадаггүй, дөрөвдүгээрт төлбөрийн систем нь маш хачирхалтай, сараар нь юмуу бөөнөөр өгсөн тохиолдолд ч зөвхөн нэг төрлийн хичээлд л суух боломжтой, бас явсан тоогоор өгч болно гэж байгаа. Яаж ч бодсон хүн нэг удаа явж мөнгөө төлчөөд тийм их таалагдаагүй бол дахин тийшээ явахгүй ш дээ. Харин бөөнөөр нь мөнгөө өгсөн хүн бол мөнгөө өгцөн юм чинь гээд явна. Ер нь хэдэн сараар төлбөрөө төлсөн хүн ямар нэг хязгаарлалтанд баригдахгүй, бүртгүүлсэн цагтаа амжаагүй бол өөр цагт өөр хичээлд орох эрхтэй байх ёстой байхгүй юу. За тэр ч яахав бүр хадуураад явчихлаа. Ер нь л Монгол дахь Ёога таалагдсангүй, аргагүй хөгжих шатандаа явж байгаа байх л даа..
Түүний дараагаар фитнест явья гэж шийдлээ. Гол зорилго нь J. Lo өгзөгөө :p. Өөр сэтгэлзүйн хувьд татагдах зүйл байсангүй. Судлаад үзсэн чинь Юу гэсэн бэ?? Сарын 300,000-аа? Сарын цалингийн 30% нь яваад өгөх юм биш үү? Болий доо. Дугуй уний эсвэл өглөө гарч зайсан руу гүйдиймуу. Ямар ч байсан олон цагаар сууж бие маш их хөшдөг болохоор зуны дулаан цагаар биеэ хөдөлгөх юм хийе.
Дугуй уний гэхээр машинд дайруулчих байх. Өглөө босч гүйе гээд сэрүүлгээ 6-д тавиад унтлаа. Сэрүүлэг ч цагтаа дуугарав. Goldie ч сэрлээ, сэрүүлгээ хойшлуулж 7- д тавиад унтлаа. Ёстой эрт босч харагддийн байгааз дээ кк.
Тэгээд ер нь л бүжигт явхаар шийдлээ. Бэлхүүсний бүжиг арай л биш юмаа, дараа нь хаанаа ч бүжиглэхийн. Ер нь Салса их газар аваад байгаа, үндсэн хөдөлгөөнийг нь сурчихвал дараа нь партинд очвол бас зүгээр хараад суугаад байхгүй, хөөрхөн бүжиглээд байх ч юм билүү?! Тэгээд Мөрөөдлийн бүжгийн клуб гээд хуудсыг фейс дээрээс олоод холбогдох утсаар нь ярихад сарын 50,000 төг, долоо хоногт 2 удаа, яг ажил тараад таарч байна. Багштайгаа ярьж байгаад яваад очлоо. Эхний 30 минут бие халаалт ба тэрний дараагаар үзсэн бүжгийнхээ хөдөлгөөнүүдийг хөгжимгүй давтана, түүний дараагаар хөгжимтэй давтана, хамгийн сүүлд хосоороо сурсан хөдөлгөөнөө хийж үзнэ.


Хөгжимгүй хөдөлж үзэхэд угийн эвсэлгүй би биеэ бариад нэг л болж өгөхгүй байлаа. Харин уянгалаг мөртлөө, цоглог хэмнэлтэй латин хөгжимтэй хамт давтахад хүн бүр өөрийн онцлог хэмнэл хөдөлгөөнийг гаргаж байв. Тэдний хэн нь ч эвсэлгүй муухай харагдсангүй. Хосоороо бүжиглэхэд хоёр өөр хүн, хоёр өөр хэмнэл нэгдэж байгаа, дээрээс нь анхан шатны шинэковууд болохоор хөдөлгөөн нийлж өгөхгүй жаахан бантагнана. Харин олон удаа давтаад ирэхэд хоёр, гурав хоног дотор л аль ч эрэгтэй, аль ч эмэгтэйтэй хамтран бүжиглэж болж байлаа. Үнэхээр урамшмаар.
Гол нь хэдхэн хоногийн дотор мундаг бүжиглэдэг болчихоогүй ч үндсэн хөдөлгөөнөө ч сайн хийж чадахгүй байсан шуудайтай үхрийн эвэр шиг, баруун солгой хүмүүс Латин бүжгийн аянд хамтран бүжиглэхээр аяндаа болоод байгаа нь гайхалтай юм. Тэхээр үндсэн хөдөлгөөнөө л мэдэж байвал Латин бүжгийн хэмнэл нь хосуудыг түрж явдаг юм шиг...
Шинэ юмийг сурах нь үргэлж шинэ зүйлс, шинэ боломжууд, шинэ хүмүүстэй учрах эхлэл байдаг. Латин бүжиг миний амьдралд маш их аз жаргал, баяр хөөрийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Туршилт үргэлжилсээр...
      














No comments:

Post a Comment