Намар болж хурим найрын сизон эхэллээ хүмүүсээ. Хурмын өдөр бол амьдралд ганцхан тохиолдох магадлал маш өндөртэй, хэзээ ч мартагдашгүй нэгэн өдөр... Хайрт хосууд бие биенээ олоод, хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулах ариун тангарагийг эцэг эх, хамаатан садан, найз нөхөд, хайртай хүмүүсийнхээ өмнө өргөдөг тэр л өдөр.. Зарим хүмүүс хүн болж төрснийх хурим найрын ёслолоо нижгэр тэмдэглэх ёстой гэж үзэж байхад зарим нэг нь бие биендээ хайртай, болж бүтээд амьдарч л байвал гэрлэлтээ даруухан батлуулахад л болно гэцгээнэ.
Ингэж янз бүрээр бодоход, ядахнаа хэлэхэд хүргэх нийгэм, хөрөнгө санхүү, үзэл бодол, хувийн, гэр бүлийн янз бүрийн "Чимээгүй" шалтгаан байдаг бололтой. Хүн бүрийн чанга ярихаас татгалзах эдгээр шалтгаан, эмзэг сэдвийн талаар ангийнхаа нэгэн залуугийн нижгэр хуриманд оролцсоны дараа сайхан бичмээр санагдаад, толгойнд эргэлдээд, гар загатнаад байгаа юм.
Намрын эхэн сарын Дашням, Балжинням, бас бус Нямууд давхацсан бэлэгт сайн өдөр арван жилийн анд нөхрийнхөө хуриманд 15 охид, залуус 3 машин хөлөглөн Тэнгэр резорт гэдэг газар очлоо. Цэцгээр нумарсан хаалгаар орж ирвэл цагаан сарнайн үнэр ханхийж, яг ижил даашинз, хүрмээр гоёсон залуучууд, бүсгүйчүүд угтан авлаа. Бас Guest list буюу ирсэн Зочдоос гарын үсгийг нэхмэл жаазан дээр авахаар хэсэг хүмүүс ажиллаж байна. Таазнаас цагаан сарнайн чимэглэл унжиж, цагаан давуун хана салхинд хийсэх ба хос хоёрын янз бүрээр авхуулсан зургийг фото галлерэй аятай байрлуулсан байлаа. Ирсэн зочдод хундагатай вино тараан явах ба яг л барууны дээд зэрэглэлийн босоо хүлээн авалтыг санагдуулна. Хүндэтгэлийн хүлээн авалтын ширээн дээр хуримлагч хосуудын нэр бүхий амны алчуур, лаа зэрэг нандин зүйлс харагдана. Хос хоёрыг танхимд орж ирэх хүртэл тэдний фото зурган эвлүүүлэг дэлгэцэн дээр гарна. Чавхдаст хөгжмийн тансаг аялгуутай зэрэгцэн хос хоёр мань сарнайн дэвсгэрийг гишгилсээр, дотны найз нөхдийн цувааны араас орж ирэн хүндэтгэлийн ширээн дээр байраа эзлэн заларлаа. Хүргэний талд аав, ээж болон бас бус хүмүүс суусан харагдана. Бэрийн талд эмээ, ээж болон нагац ах нь суусан харагдана. Хурмын танилцуулга явагдаж, түүний дараагаар талуудыг төлөөлөн үг хэлэхээр хөтлөгч урив. Хүргэний талаас мэдээж аав нь үг хэллээ. Харин бэрийн талаас нагац ах нь үг хэлэв!? Арван сар гэдсэндээ тээж, ангир уургаа төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгосон ээж нь биш нагац ах нь шүү! Нагац ах нь бүсгүйг өвдсөн үед хараа салгалгүй хажууд нь сахисан болов уу, их сургуулийн шалгалт өгөхөд нь өдөр шөнөгүй гадаа нь оочирлож зогссон болов уу, анхны хүүхэд нь төрөхөд хоол бариад гадаа нь зогсож байсан болов уу? Хурим найран дээр аль нэг талын аав нь оролцох боломжгүй бол түүнийг төлөөлж эрэгтэй хүн, тэр тусмаа басхүү нилээн бядтай нөхөр байх ёстой гэсэн явцуу ойлголт. Эцэг хүнийг хүндлэх ёстой, гэрийн түшиг тулгуур учраас. Харин тэр боломжгүй бол Эжий гэдэг амьд бурханыг тэнд суулган, ерөөлийн үгийг нь хэлэхүүлэхээс юунд ичнэ вэ?
Хүн хүний амьдрал янз бүр л байдаг. Эцэг, эх нь салсан эсвэл үхэж үрэгдсэн. Түүний дараагаар амьдралын хүнд хүчрийг ганцаараа үүрээд ирсэн ачтан чинь амьд сэрүүн хажууд чинь байж байна. Амьдрал түүнд хатуу хандаж хань ижлийг нь аваад, салгаад явсан гэж олонд харуулахаасаа айдаг байх, амьдрал нь бүрэн бүтэн биш гээд өөрөөсөө ч, гэр бүлээсээ ч ичдэг юм байдаг л байх. Миний нэг танил бас аав нь өнгөрцөн гээд хуримаа хиймээргүй байдаг гэсэн. Ээжийгээ тэр олон хүний нүдэн дээр ганцааранг нь суулгахаас айгаад. Хурмыг тойрсон гэр бүлийн эмзэг сэдвүүд гэвэл иймэрхүү.
Ер нь сүүлийн үед хурим найр их шоу, өнгөн шинж чанартай болсон юм шиг. Боломжтой хүмүүс үнэхээр нижгэр хийж байна. Бараг л наадмын шоу шиг 3D лазер шоу үзүүлнэ, сальют буудуулна, кино зураг авалт хийж байгаа юм шиг л мэргэжлийн оператор, зурагчид энд тэндгүй гэрэл, аппарат хэрэгсэл барьж гүйгээд л. Зарим нь бүр үнсгэлжингийн цагаан сүйх тэрэгнээс бууж ирээд л, хаан хатны сүйх тэрэг хөллөөд л.. Тэрний хурим тэгсэн би тэрнээс тэгж илүү гарна гэсэн чимээгүй өрсөлдөөн явагдсаар.. Нисдэг тэрэг хөлөглөж бууж ирэх нь холгүй юм болно. Өө бас нэг өрсөлдөөнт шоу гэвэл хурмын бэлэг гардуулах ёслол гэжугаа.. Хүргэний тал тэдэн өрөө байрны түлхүүр гардууллаа.. бэрийн тал яах гэж байнаа? Бүрэн тавилга, ланд 200-г бэлэглэлээ ч гэх шиг. Арай жаахан чадруу нь хамаатан саднаараа өр зээл тавин байж дүйцэх хэмжээний бэлэг авч өгнө. Тэрийг нь харсан зочид ангайж гайхаад л, ам уралдан ярицгаагаад л.. Ингээд л тийм байх ёстой юм шиг утгагүй уламжлал тогтчихож байгаа юм.
Хүн гэж нийгэмд байгаа хойно тодорхой хүрээ, зиндаанд заавал харьяалагддаг. Тэр тодорхой зиндаанд доод цэг ба дээд цэг гэж байдаг бөгөөд тэр хоёр цэгийн хооронд бидний түвшин байрладаг. Тэр зиндааны дээд түвшинд байдаг хүмүүсийн аж амьдралд хүрэх гэж ихэнхдээ дунд бөгөөд доод түвшнийхэн тэмүүлдэг. Хуримын хувьд ч гэсэн тэрхүү хэмжээнд хүрэхээр хурим хийх гэж хичээнэ. Жишээлбэл: тэр зиндааныхан Чингис, Баянгол, эсвэл Скай резортод хурим хийдэг бол тэнд хийх хуримтлал үүсгэтлээ хуримаа хийхгүй гэсэн хандлага байна. Уг нь аав, ээжийгээ амьд сэрүүнд, хүний ёсоор хүүхэд шуухад гаргахынхаа өмнө ёс болгоод хуримлавал зүйтэй сэн. Даан ч хүн гэдэг хэлбэрийн амьтан юм даа.
Хүний шунал гэдэг хязгааргүйг бас хуриман дээрээс харж болно. Өөрөө маш нижгэр, тансаг хуримыг хийчэхээд өөрийнхөөс нь илүү болчихлоо гэж атаархан суух ч хүн байна. Хурим байтугай орох оронгүй хосууд цаана чинь зөндөө байгаа шүү дээ.
Хүн төрөлхтөн хэт хөгжөөд, нарийн ширийн болоод ирхийн цагт гарал үүсэл, анхдагч утга санаа, ёс заншил руугаа өндий гэж ярьдаг юм байна лээ. Эрт цагаас манай Монголчууд залуу хосуудыг нэгэн гэрт орж, хамтын ажил амьдралаа эхлүүлж байгааг ахмад настан, аав ээжүүд нь ерөөн Ёслуулахын тулд хуримыг хийж ирсэн. Яг л байгаа нь байгаагаараа, үнэн нь мөнөөрөө, өөртөө үнэнч, итгэлтэй, амьдрал ахуйгаасаа ичэж зовоогүй, эцэг эхээ хүндэтгэсэн хурим хийвэл энэ л жинхэнэ насан туршдаа мартагдашгүй, сайхан хурим болох байх даа залуусаа.
No comments:
Post a Comment