Wednesday, 17 December 2014

Мэргэжилтэн үү? Үйлчлэгч үү?

Миний анх ажилд орж байсан газар бол нэгэн яамны харьяа төрийн өмчит компани байлаа. Арван хоёр сарын эхээр ажилдаа орсон тул удалгүй байгууллагын мань шинэ жилийн баяр болов. Манай байгууллагын ажилчдаас гадна яамнаас дарга, сайд нар уригдаж ирсэн байлаа. Манцайсан бүдүүн дарга нар тэргүүн ширээнд зэрэгцээд суучихсан, хоол ундаа идэж дуусаад ширээ ширээн дээр очиж хундага тулган ууцгаав. Бас тэд тайзан дээр гарцгаан, нэг нэгээрээ хундаганы үгийг уран цэцнээ уралдуулан хэлээд уулаа. Анх удаа албан байгууллага, тэр тусмаа төрийн байгууллагын шинэ жилд орж үзсэн би аль болох өөрийнхөөрөө, хамт олонтойгоо нийцэлтэй байхыг бодон худлаа инээн сууж байв. Удалгүй орсон газрын мань захиалгат цаг дуусах дөхөн, хүн амьтан ч согтож, энд тэнд хоёр гурваараа хэлхэлдэн зогсож дараагийн төлөвлөгөөгөө яриж байлаа. Энэ үед манай дарга охидуудаа дээшээ VIP өрөөнд ороод ир гэв. Манай хэлтсийн залуу хүүхнүүд, мөн өөр хэлтсийн хэдэн залуу хүүхнүүд тэр өрөө рүү нь яван харагдана. Би гайхсан хэдий ч бөөнөөрөө явж байгаан болохоор санаа зовсонгүй хамт өрөөнд нь орлоо. Тэгсэн юу вэ? дотор нь яамны сайд дарга нар, манай байгууллагын захирал, дарга нар нэг бөөрөнхий ширээг тойрцон сууж байна. Яах гэж ч биднийг дуудсийн, юутай ч суулаа. Халчихсан, согтчихсон том дарга нар хажуудаа хүүхэн нааж томорч суухыг хүссэн юмуу, эсвэл хурган дарга нар нь нөгүүдүүл дээ долгиноод биднийгээ нааж өгч байгаа юмуу. Ямартай ч танихгүй дарга нартай нэг ширээнд худлаа инээн хэсэг суухад эвгүй, бас түгшүүртэй  байсан юм даг.

Энэ явдлаас хойш ямар нэгэн баяр ёслол, салбарын онцлог үйл явдал, үзэсгэлэн хурал болох бүрт манай байгууллагын зарим эмэгтэй мэргэжилтнүүд тэрхүү Very Important People өрөөнд нь өдөржингөө зууш, чихэр жимс бэлдэх, архи дарс хундагалах ажлыг хийдэг болов. Энэ жишиг өөр байгууллагуудад байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй ч яахийн аргагүй ямар ч ажлын газарт байж боломгүй зүйл юм. Харин энэ талаар эсэргүйцэх, дэлгэн ярих эрэгтэй, эмэгтэй хүн надаас өөр байдаггүй нь мөн ч гайхалтай. Угаасаа л эмэгтэйчүүд дарга нарын архидахад үйлчлэх ёстой гэсэн хүлээлт болон хүлээн зөвшөөрөлт эрэгтэй, эмэгтэй гэлтгүй байгаад байгаа юм.

Энгийн үед бусад эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу ажилтан, мэргэжилтнүүд тус тусын ажлын үүргийн хувиарийнхаа дагуу ноогдсон зүйлсээ хийгээд, түүндээ ноогдслн цалингаа аваад явдаг хирнээ баяр ёслол, дарга сайд нар, гадны зочид гийчдийг хүлээн авах үед ЭМЭГТЭЙ бөгөөд ЗАЛУУХАН хүүхнүүдийг сонгон авч тэр өрөөнд оруулан үйлчлэгч, зөөгч, ширээний хүүхний үүргийг яагаад гүйцэтгүүлнэ вэ? Миний хувьд энэ нь мэргэжил боловсролтой залуу эмэгтэйчүүдийг ажил мэргэжлийнх нь хувьд доромжлон, доош хийгээд зогсохгүй, сэтгэлзүйн хувьд эмэгтэйчүүдийг чи тогоо шанагатай зууралдах, үйлчилгээний ажил хийх ёстой, удирдах албан тушаалын тухай бол санаад ч хэрэггүй, тэр зөвхөн эрчүүдэд зориулагдсан зүйл гэсэн мессежийг тархинд нь суулгахын хажуугаар эмэгтэйчүүдийг тэрхүү эрэгтэй удирдах ажилчдын зугаацан цэнгэж буй нөхцөлд тавиж өгснөөр ямарваа бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлд оруулах өндөр магадлалтай.

Бидний нэг их эсэргүйцээд байдаггүй, байх л ёстой асуудал юм шиг хүлээн аваад сурчихсан энэхүү бурангуй хандлага нь ердөөсөө эмэгтэй хүнийг ажлын байран дээр нь зөвхөн ажлын гүйцэтгэл, ур чадвараар нь үнэлэх бус, эмэгтэй хүнд байх ёстой чанар буюу эмэгтэй хүний тухай нийгэмд огтсон хэм хэмжээ: хайр халамж, эелдэг зөөлөн, бусдад туслах чанар зэргээр нь үнэлдэг, тийм зүйлийг тэднээс хүлээдгээс үүдэлтэй байж болох юм.

Ингэхлээр эмэгтэй хүн ажлын байран дээрээ хүлээн зөвшөөрөгдөж, амжилт гаргахын тулд зөвхөн ажлаа хийх бус хүн бүртэй сайхан харицаж, хамтач, тусч заримдаа шаардлагатай үед үйлчлэгч, ширээний хүүхний ажлыг хийх шаардлагатай болж байна. Би үүнийг шударга гэж бодохгүй байна. Энэ мэт ажлын байран дээрх хүйсийн алагчлал, шударга бус байдлыг зөвхөн эмэгтэйчүүд хамтдаа шийдэж чадна гэж бодном. Энэ тухай эмэгтэйчүүд илүү чанга, тод яриасай гэж мөн хүснэ.








  

Monday, 25 August 2014

Хурмийг тойрсон Чимээгүй эмзэглэлүүд

Намар болж хурим найрын сизон эхэллээ хүмүүсээ. Хурмын өдөр бол амьдралд ганцхан тохиолдох магадлал маш өндөртэй, хэзээ ч мартагдашгүй нэгэн өдөр... Хайрт хосууд бие биенээ олоод, хорвоогийн жаргал зовлонг хамтдаа туулах ариун тангарагийг эцэг эх, хамаатан садан, найз нөхөд, хайртай хүмүүсийнхээ өмнө өргөдөг тэр л өдөр.. Зарим хүмүүс хүн болж төрснийх хурим найрын ёслолоо нижгэр тэмдэглэх ёстой гэж үзэж байхад зарим нэг нь бие биендээ хайртай, болж бүтээд амьдарч л байвал гэрлэлтээ даруухан батлуулахад л болно гэцгээнэ.
Ингэж янз бүрээр бодоход, ядахнаа хэлэхэд хүргэх нийгэм, хөрөнгө санхүү, үзэл бодол, хувийн, гэр бүлийн янз бүрийн "Чимээгүй" шалтгаан байдаг бололтой. Хүн бүрийн чанга ярихаас татгалзах эдгээр шалтгаан, эмзэг сэдвийн талаар ангийнхаа нэгэн залуугийн нижгэр хуриманд оролцсоны дараа сайхан бичмээр санагдаад, толгойнд эргэлдээд, гар загатнаад байгаа юм.
Намрын эхэн сарын Дашням, Балжинням, бас бус Нямууд давхацсан бэлэгт сайн өдөр арван жилийн анд нөхрийнхөө хуриманд 15 охид, залуус 3 машин хөлөглөн Тэнгэр резорт гэдэг газар очлоо. Цэцгээр нумарсан хаалгаар орж ирвэл цагаан сарнайн үнэр ханхийж, яг ижил даашинз, хүрмээр гоёсон залуучууд, бүсгүйчүүд угтан авлаа. Бас Guest list буюу ирсэн Зочдоос гарын үсгийг нэхмэл жаазан дээр авахаар хэсэг хүмүүс ажиллаж байна. Таазнаас цагаан сарнайн чимэглэл унжиж, цагаан давуун хана салхинд хийсэх ба хос хоёрын янз бүрээр авхуулсан зургийг фото галлерэй аятай байрлуулсан байлаа. Ирсэн зочдод хундагатай вино тараан явах ба яг л барууны дээд зэрэглэлийн босоо хүлээн авалтыг санагдуулна. Хүндэтгэлийн хүлээн авалтын ширээн дээр хуримлагч хосуудын нэр бүхий амны алчуур, лаа зэрэг нандин зүйлс харагдана. Хос хоёрыг танхимд орж ирэх хүртэл тэдний фото зурган эвлүүүлэг дэлгэцэн дээр гарна. Чавхдаст хөгжмийн тансаг аялгуутай зэрэгцэн хос хоёр мань сарнайн дэвсгэрийг гишгилсээр, дотны найз нөхдийн цувааны араас орж ирэн хүндэтгэлийн ширээн дээр байраа эзлэн заларлаа. Хүргэний талд аав, ээж болон бас бус хүмүүс суусан харагдана. Бэрийн талд эмээ, ээж болон нагац ах нь суусан харагдана. Хурмын танилцуулга явагдаж, түүний дараагаар талуудыг төлөөлөн үг хэлэхээр хөтлөгч урив. Хүргэний талаас мэдээж аав нь үг хэллээ. Харин бэрийн талаас нагац ах нь үг хэлэв!? Арван сар гэдсэндээ тээж, ангир уургаа төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгосон ээж нь биш нагац ах нь шүү! Нагац ах нь бүсгүйг өвдсөн үед хараа салгалгүй хажууд нь сахисан болов уу, их сургуулийн шалгалт өгөхөд нь өдөр шөнөгүй гадаа нь оочирлож зогссон болов уу, анхны хүүхэд нь төрөхөд хоол бариад гадаа нь зогсож байсан болов уу? Хурим найран дээр аль нэг талын аав нь оролцох боломжгүй бол түүнийг төлөөлж эрэгтэй хүн, тэр тусмаа басхүү нилээн бядтай нөхөр байх ёстой гэсэн явцуу ойлголт. Эцэг хүнийг хүндлэх ёстой, гэрийн түшиг тулгуур учраас. Харин тэр боломжгүй бол Эжий гэдэг амьд бурханыг тэнд суулган, ерөөлийн үгийг нь хэлэхүүлэхээс юунд ичнэ вэ?
Хүн хүний амьдрал янз бүр л байдаг. Эцэг, эх нь салсан эсвэл үхэж үрэгдсэн. Түүний дараагаар амьдралын хүнд хүчрийг ганцаараа үүрээд ирсэн ачтан чинь амьд сэрүүн хажууд чинь байж байна. Амьдрал түүнд хатуу хандаж хань ижлийг нь аваад, салгаад явсан гэж олонд харуулахаасаа айдаг байх, амьдрал нь бүрэн бүтэн биш гээд өөрөөсөө ч, гэр бүлээсээ ч ичдэг юм байдаг л байх. Миний нэг танил бас аав нь өнгөрцөн гээд хуримаа хиймээргүй байдаг гэсэн. Ээжийгээ тэр олон хүний нүдэн дээр ганцааранг нь суулгахаас айгаад. Хурмыг тойрсон гэр бүлийн эмзэг сэдвүүд гэвэл иймэрхүү.
Ер нь сүүлийн үед хурим найр их шоу, өнгөн шинж чанартай болсон юм шиг. Боломжтой хүмүүс үнэхээр нижгэр хийж байна. Бараг л наадмын шоу шиг 3D лазер шоу үзүүлнэ, сальют буудуулна, кино зураг авалт хийж байгаа юм шиг л мэргэжлийн оператор, зурагчид энд тэндгүй гэрэл, аппарат хэрэгсэл барьж гүйгээд л. Зарим нь бүр үнсгэлжингийн цагаан сүйх тэрэгнээс бууж ирээд л, хаан хатны сүйх тэрэг хөллөөд л.. Тэрний хурим тэгсэн би тэрнээс тэгж илүү гарна гэсэн чимээгүй өрсөлдөөн явагдсаар.. Нисдэг тэрэг хөлөглөж бууж ирэх нь холгүй юм болно. Өө бас нэг өрсөлдөөнт шоу гэвэл хурмын бэлэг гардуулах ёслол гэжугаа.. Хүргэний тал тэдэн өрөө байрны түлхүүр гардууллаа.. бэрийн тал яах гэж байнаа? Бүрэн  тавилга, ланд 200-г бэлэглэлээ ч гэх шиг. Арай жаахан чадруу нь хамаатан саднаараа өр зээл тавин байж дүйцэх хэмжээний бэлэг авч өгнө. Тэрийг нь харсан зочид ангайж гайхаад л, ам уралдан ярицгаагаад л.. Ингээд л тийм байх ёстой юм шиг утгагүй уламжлал тогтчихож байгаа юм.
Хүн гэж нийгэмд байгаа хойно тодорхой хүрээ, зиндаанд заавал харьяалагддаг. Тэр тодорхой зиндаанд доод цэг ба дээд цэг гэж байдаг бөгөөд тэр хоёр цэгийн хооронд бидний түвшин байрладаг. Тэр зиндааны дээд түвшинд байдаг хүмүүсийн аж амьдралд хүрэх гэж ихэнхдээ дунд бөгөөд доод түвшнийхэн тэмүүлдэг. Хуримын хувьд ч гэсэн тэрхүү хэмжээнд хүрэхээр хурим хийх гэж хичээнэ. Жишээлбэл: тэр зиндааныхан Чингис, Баянгол, эсвэл Скай резортод хурим хийдэг бол тэнд хийх хуримтлал үүсгэтлээ хуримаа хийхгүй гэсэн хандлага байна. Уг нь аав, ээжийгээ амьд сэрүүнд, хүний ёсоор хүүхэд шуухад гаргахынхаа өмнө ёс болгоод хуримлавал зүйтэй сэн. Даан ч хүн гэдэг хэлбэрийн амьтан юм даа.
Хүний шунал гэдэг хязгааргүйг бас хуриман дээрээс харж болно. Өөрөө маш нижгэр, тансаг хуримыг хийчэхээд өөрийнхөөс нь илүү болчихлоо гэж атаархан суух ч хүн байна. Хурим байтугай орох оронгүй хосууд цаана чинь зөндөө байгаа шүү дээ.
Хүн төрөлхтөн хэт хөгжөөд, нарийн ширийн болоод ирхийн цагт гарал үүсэл, анхдагч утга санаа, ёс заншил руугаа өндий гэж ярьдаг юм байна лээ. Эрт цагаас манай Монголчууд залуу хосуудыг нэгэн гэрт орж, хамтын ажил амьдралаа эхлүүлж байгааг ахмад настан, аав ээжүүд нь ерөөн Ёслуулахын тулд хуримыг хийж ирсэн. Яг л байгаа нь байгаагаараа, үнэн нь мөнөөрөө, өөртөө үнэнч, итгэлтэй, амьдрал ахуйгаасаа ичэж зовоогүй, эцэг эхээ хүндэтгэсэн хурим хийвэл энэ л жинхэнэ насан туршдаа мартагдашгүй, сайхан хурим болох байх даа залуусаа.












Tuesday, 5 August 2014

Монгол хүн гэж хэнийг хэлэх вэ?

Үндэсний баяр их баяр, Наадам минь болж Монгол түмэн минь дэнж хотойтол, дэлхийг доргитол сайхан наадах гэж байна. Үндэсний телевиз болон сүүлийн үед олноор бий болсон телевизийн сувгуудаар Монгол түмний ёс заншил, соёл урлаг, тэр тусмаа Наадмын гол сэдэв болсон эрийн гурван наадмын тухай олон сонирхолтой нэвтрүүлгүүдийг ард түмэндээ цацан хүргэж байна.
Энэ сайхан ёс заншил, соёлдоо огшоод манай энэ ёс заншил, НҮБ-н дэлхийн соёлын өвд хүртэл багтсан дэлхийд ганц Монгол наадмын талаар гадаад ертөнц хир ойлголттой байдаг бол гэж бодлоо. Өнөө үед хүмүүс сонирхсон зүйлээ судалгааны материал, номноос хайх нь ховор болж, youtube, wikipedia-гаас хүссэн зүйлээ хурдан шуурхай, өнгөтөөр нь олоод үзчихдэг болсон. Харин эдгээр мэдээллийн асар том платформ дээр Монгол наадам, соёл урлагийн талаар хангалттай, үнэн зөв, сайн чанарын, хүнд хүрэхээр бичлэг, баримтат кино, дор хаяхнаа богино хэмжээний нэвтрүүлэг байна уу?
Youtube-р жишээ авч ярихад Монгол наадам гэж хайвал ЮНЕСКО-н хийсэн 10-н минутын бичлэг гарах ба яриа, дүрс хоёр нь маш зөрүүтэй, бөхийн бичлэг гарж байхад нум сум харвааны талаар ярих жишээтэй. Бага сага хэмжээний бичлэгүүд гарах ч бүрэн хэмжээний, мэргэжлийн бус тул хүн ойлгон хүлээн авахад бэрх.
Монгол морьний уралдаан гэж хайхад ABC-н хийсэн Монгол Дэрби гэгч гадаадынхны оролцсон реалити шоу хамгийн түрүүнд гарна. Монгол морьд, уяа сойлго, гийнгоо, уралдааны явц зэрэг тэр гайхамшигт зүйлсийг багтаасан, хүний оюун санаанд суулгаад өгөх баримтат кино, нэвтрүүлэг нэг ширхэг ч алга.
Наадам гэдэг сэдвийг орхиод энгийн Монгол бүжиг, Монгол уран нугаралт гэж хайвал цөөхөн хэдэн минутын бүжиг, нугарааны үзүүлбэрүүд ямар нэг тайлбаргүй гарах ба түүнийг гадаад ертөнц хэрхэн хүлээн авч буй нь тэдний комментуудаар харагдана буй за. Бичлэгүүд дээрх комментуудыг харвал ихэнхийг нь Монголчууд бичсэн байх ба цөөн хэдэн гадаадууд, Турк, Азиудын коммент харагдана. Монголчуудын комментууд ихэнх нь Чингисийн Монголчууд дэлхийд номер нэг, бид хамгийн мундаг нь, хараал идсэн хятадууд гэсэн утгатай. Харин гадаад хүмүүсийн сэтгэгдэлүүд тухай уран бүтээл эсвэл гүйцэтгэлд хандсан, үндсэрхэг үзэлгүй, зарим сөрөг нэгийг эс тооцвол их эерэг сэтгэгдлүүд оруулсан байх юм. Жишээ болгож нэгэн Ази охин Монгол бүжгээр (яг Монгол уу, үгүй юу гэдгийг би ч сайн мэдэхгүй байна) гадаадын уралдаанд оролцсон бичлэг дээрх комментуудыг оруулая.
   Манайхны комментууд: Тэр бол Монгол биш, хараал идсэн хятад. Тэнэг Хятад, Монгол бүжиг хийхээ боль. Энэ эмэгтэй бол Монгол биш гэх мэт.. Үргэжлүүлэн дээш уншаад байвал манайхны бичсэн маш их бүдүүлэг, доромжлолын үгтэй сэтгэгдлүүд байгаа.
Өөр олон бичлэгүүд дээр ч гэсэн яг ийм сэтгэгдэл, хандлагуудыг харж болно.
Сүүлийн үед манай залуучууд маш үндсэрхэг үзэлтэй болсон. Энэ бол зөв зүйл юм. Үндэсний ёс заншил, соёл урлагаа ч гэсэн маш сайн авч яваа. Манай урлагийн залуу үеийнхэн орчин үеийн хөгжмийг, үндэсний язгуур урлагтай нийцүүлэн залуу хүмүүст язгуур урлагийг ихээр сурталчилж байгаа нь олзуурхууштай зүйлс юм. Харин энэ мэт дэлхий дахины ханддаг том портал дээр бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, улс үндэстнээ буруугаар харуулах хэрэгтэй гэж үү.
Үндэсний үзэл гэдэг зүйлийг сэтгэл зүрхэндээ тээж явах нь маш сайн зүйл боловч түүнийг хэрхэн гаргаж илэрхийлэх нь маш том стратегийн асуудал гэж би боддог.
Намайг 2007 онд анх Япон улсад солилцооны оюутнаар явж байхад дэлхийн хорь гаруй орны залуу оюутнууд надтай хамт нэг хөтөлбөрт хамрагдаж байлаа. Хөтөлбөрийн гол зорилго нь өөр өөр улс орны залуу хүмүүс нэг дор цугларан, хамт сурч, амьдран өөр хоорондоосоо суралцах, өөрөөр хэлбэл дэлхий дахинд ганцхан Америк, эсвэл Европ зэрэг эдийн засгаараа хүчирхэг орны соёлууд байдийм биш өөр зөндөө олон аж амьдрал, соёл байдийм шүү гэдгийг амьдрал дээр ойлгуулах байлаа. Мэдээж бид Японы хэл соёл, түүхийг давуу суралцсан ч өөр орны соёл, хүн ардыг хүндэтгэх далд ухамсрыг бидэнд гүн суулгаж өгснийг одоо л би бодож ухаарч байна. Нэг удаа биднээс багш ингэж асуусан юм. What makes you Mongolian or American or any other Nations? буюу Юу чамайг Монгол хүн эсвэл Америк хүн эсвэл ямар нэг улсын хүн болгодог юм бэ? гэж. Бидний зарим нь цус буюу эцэг эх гэж хариуллаа. Тэгвэл эцэг нь Монгол мөртлөө, эх нь гадаад, тэгээд Монголд төрж өссөн, Монголоор ярьдаг хүүхэнд Монгол хүн биш үү? Эцэг эх нь хоёулаа монгол мөртлөө гадаадад төрсөн, Монголоор нэг үг ч ойлгодоггүй, ааруул ч идэж чаддаггүй хүүхэд Монгол уу? Эсвэл Морь унаж чаддаг хүн Монгол юмуу? Бид энэ тухай урт мэтгэлцээн үүсгэсэн ч үнэмлэхүй хариулт олж чадаагүй юм. Тэгэхдээ миний хувьд хүний ямар цустай, гаднаасаа ямар харагддаг нь хамаагүй Монгол сэтгэлгээтэй, Монголын төлөө сэтгэлтэй, Монгол ёс заншил, хэл соёлыг хүндэтгэн дээдэлдэг хүнийг би Монгол хүн гэж боддог.
Цөөхөн хэдэн Монголчууд бид Аугаа түүх, ёс заншил, соёл урлагтай боловч энэ мань орчин үеийн амьдралын хэв маягт шилжиж байгаа болон хүн амын цөөн байдлаас болж мартагдаж, мөхөн аюулд хүрээд байгаа билээ. Үүнийгээ бид аварч үлдэхийн тулд соёл урлагаа зөвхөн Монгол дотроо дэлгэрүүлэн хөгжүүлэх бус гадагшаа соёлын довтолгоо хийж, дэлхий дахины олон хүмүүст Монгол соёл, урлагийг тараан дэлгэрүүлэх ёстой юм. Магадгүй латин америк нийтийн бүжгийг мэддэггүй, бүжиглэдэггүй улс байдаггүйтай адил Монгол биелгээ, уран нугаралтаар гадаадынхан хичээллэж яагаад болохгүй гэж. Бид Япон, Солонгосын соёлын довтолгооны стратегээс яахийн аргагүй сурах хэрэгтэй. Бид гадаадынхныг чи манай бүжгийг битгий сураад бай гэж загнахын оронд энэ чинь ийм байдгийм гээд зүй ёсоор нь зааж өгөх хэрэгтэй. Бид соёлоо гадагш сурталчилахын оронд бүдүүлэг зан гаргах хэрэггүй гэдгийг залуучууд маань сайн ойлгоосой.

Wednesday, 9 July 2014

Латин бүжиг = чихэрлэг амьдрал

Хүн төрөлхтний үүсгэсэн сайхан зүйлсийн нэг бол яахийн аргагүй бүжиг билээ. Улс орон, үндэстэн бүр өөрийн газар нутаг, соёл иргэншлийн онцлогийг агуулсан бүжгийг хөгжүүлсэн байдаг. Монгол ардын бүжиг нь өдөр тутмын ахуйн амьдралаас урган гарсан хөдөлгөөнүүд болон манай орны үзэсгэлэнт байгалийн сайхныг шингээсэн байна. Дундад Ази Египет, Араб, Турк зэрэг улсуудаас гаралтай бэлхүүсний бүжигнээс эмэгтэй хүний гоо сайхан, уян налархайн дээдийг харж болно. Харин дэлхий дахинд маш их түгэж, олон хүний зүрх сэтгэлийг эзэмдсэн бүжиг бол аргагүй Латин америкийн нийтийн бүжиг билээ.
Урьд өмнө бид харийн орны эдгээр бүжгүүдийг зөвхөн телевиз, киногоор үзэж харж, шимтэн биширч байсан бол өнөө үед тэднийг эх орондоо сурч, хичээллэх боломжтой болсон байна. Энэ нь яахийн аргагүй Монголчуудын амьдрал илүү орчин үеийн хэв загварт шилжиж байгаагийн илрэл юм. Миний эцэг эхийн үеийнхэн, түүнээс өмнөх үеийг дурдаад ч яахав, залуучууд идэх өмсөх, үзэх, сонсох, сурах, хичээллэх, өөрийгөө хөгжүүлэх зүйлсээр дутагдан залуу насаа өнгөрөөсний хажуугаар маш эрт хүнтэй сууж хүүхэд гарган, амьдрал руу дэндүү эрт ордог байсаннь харамсалтай. Харин шинэ үеийн залуус гадаад оронд ихээр сурч, тэндхийн хэл соёлд суралцахын хажуугаар төрөл бүрийн урлаг, уран сайхны зүйлсийг эх орондоо нутагшуулан түгээж байна. Ер нь өөрийгөө хөгжүүлэх, дуртай зүйлдээ цаг гаргах, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэх, нэг олсон амьдралаа утга учиртай өнгөрөөх эрмэлзэл нь залуусын хувьд нийтлэг болж байна.
Миний хувьд багаасаа сонгодог урлаг, төрөл бүрийн бүжиг, хөгжимд дуртай байсан боловч бүх цагаа эрдэм ном сурахад зориулаад тэдгээрийг зөвхөн харж, сонсох төдийгөөр таашаал авдаг байлаа. Амьдралынхаа сурах явцыг дүүргээд, ажлын гараагаа эхлэн бас ч гэж тоймтой болж авсны дараагаар одоо галзуу юм шиг цаг хугацаатай уралдан сурч, ажиллахын оронд дуртай, хийхийг хүсэж ирсэн зүйлдээ цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зориулахыг хүсэх болжээ. Энэ нь ажил амбицаа хойш нь тавиад зугаацаад байна гэсэн үг биш,  зүгээр л өдрийн 14 цаг компьютерийн өмнө суугаа ажиллаж, ажлын стрессээ алколоор гаргадаг амьдралын хэмнэлээс илүү өнгөлөг, аз жаргалтай, утга учиртай амьдрал руу шилжихийг оролдоно гэсэн үг юм.
2012 оны сүүлээр би Монголдоо буцаж ирээд ихэнхдээ найзуудтайгаа уулзаад нэг газар сууж чөлөөт цагийг өнгөрүүлдэг байлаа. Сүүлдээ энэ мань уулзах хэдэн хүмүүс, уулздаг хэдэн газар гэгчээр нэгэн хэвийн уйтгартай болоод ирэв. Эдийн засгийн хувьд ч хэмнэлтгүй, санхүүгийн хувьд ч тааруухан хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгээд ч бас сэтгэлзүй, гоозүй, эрүүл мэндийн хувьд ч тусгүй. Ингээд би Ёоганд явж үзлээ. Өмнө гадаадад анхан шатны Ёогад хагас жил явж байсны хувьд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нэгдүгээрт, хэт олон хүн бага талбайд шахцалдан дасгалаа хийдэг, хоёрдугаарт хөлстэй гарахад усанд орох боломжгүй, гуравдугаарт багш нарын арга барил тааруухан, суралцагчдын дундуур явж яг зөв хийж байгаа эсэхийг тэр болгон шалгадаггүй, дөрөвдүгээрт төлбөрийн систем нь маш хачирхалтай, сараар нь юмуу бөөнөөр өгсөн тохиолдолд ч зөвхөн нэг төрлийн хичээлд л суух боломжтой, бас явсан тоогоор өгч болно гэж байгаа. Яаж ч бодсон хүн нэг удаа явж мөнгөө төлчөөд тийм их таалагдаагүй бол дахин тийшээ явахгүй ш дээ. Харин бөөнөөр нь мөнгөө өгсөн хүн бол мөнгөө өгцөн юм чинь гээд явна. Ер нь хэдэн сараар төлбөрөө төлсөн хүн ямар нэг хязгаарлалтанд баригдахгүй, бүртгүүлсэн цагтаа амжаагүй бол өөр цагт өөр хичээлд орох эрхтэй байх ёстой байхгүй юу. За тэр ч яахав бүр хадуураад явчихлаа. Ер нь л Монгол дахь Ёога таалагдсангүй, аргагүй хөгжих шатандаа явж байгаа байх л даа..
Түүний дараагаар фитнест явья гэж шийдлээ. Гол зорилго нь J. Lo өгзөгөө :p. Өөр сэтгэлзүйн хувьд татагдах зүйл байсангүй. Судлаад үзсэн чинь Юу гэсэн бэ?? Сарын 300,000-аа? Сарын цалингийн 30% нь яваад өгөх юм биш үү? Болий доо. Дугуй уний эсвэл өглөө гарч зайсан руу гүйдиймуу. Ямар ч байсан олон цагаар сууж бие маш их хөшдөг болохоор зуны дулаан цагаар биеэ хөдөлгөх юм хийе.
Дугуй уний гэхээр машинд дайруулчих байх. Өглөө босч гүйе гээд сэрүүлгээ 6-д тавиад унтлаа. Сэрүүлэг ч цагтаа дуугарав. Goldie ч сэрлээ, сэрүүлгээ хойшлуулж 7- д тавиад унтлаа. Ёстой эрт босч харагддийн байгааз дээ кк.
Тэгээд ер нь л бүжигт явхаар шийдлээ. Бэлхүүсний бүжиг арай л биш юмаа, дараа нь хаанаа ч бүжиглэхийн. Ер нь Салса их газар аваад байгаа, үндсэн хөдөлгөөнийг нь сурчихвал дараа нь партинд очвол бас зүгээр хараад суугаад байхгүй, хөөрхөн бүжиглээд байх ч юм билүү?! Тэгээд Мөрөөдлийн бүжгийн клуб гээд хуудсыг фейс дээрээс олоод холбогдох утсаар нь ярихад сарын 50,000 төг, долоо хоногт 2 удаа, яг ажил тараад таарч байна. Багштайгаа ярьж байгаад яваад очлоо. Эхний 30 минут бие халаалт ба тэрний дараагаар үзсэн бүжгийнхээ хөдөлгөөнүүдийг хөгжимгүй давтана, түүний дараагаар хөгжимтэй давтана, хамгийн сүүлд хосоороо сурсан хөдөлгөөнөө хийж үзнэ.


Хөгжимгүй хөдөлж үзэхэд угийн эвсэлгүй би биеэ бариад нэг л болж өгөхгүй байлаа. Харин уянгалаг мөртлөө, цоглог хэмнэлтэй латин хөгжимтэй хамт давтахад хүн бүр өөрийн онцлог хэмнэл хөдөлгөөнийг гаргаж байв. Тэдний хэн нь ч эвсэлгүй муухай харагдсангүй. Хосоороо бүжиглэхэд хоёр өөр хүн, хоёр өөр хэмнэл нэгдэж байгаа, дээрээс нь анхан шатны шинэковууд болохоор хөдөлгөөн нийлж өгөхгүй жаахан бантагнана. Харин олон удаа давтаад ирэхэд хоёр, гурав хоног дотор л аль ч эрэгтэй, аль ч эмэгтэйтэй хамтран бүжиглэж болж байлаа. Үнэхээр урамшмаар.
Гол нь хэдхэн хоногийн дотор мундаг бүжиглэдэг болчихоогүй ч үндсэн хөдөлгөөнөө ч сайн хийж чадахгүй байсан шуудайтай үхрийн эвэр шиг, баруун солгой хүмүүс Латин бүжгийн аянд хамтран бүжиглэхээр аяндаа болоод байгаа нь гайхалтай юм. Тэхээр үндсэн хөдөлгөөнөө л мэдэж байвал Латин бүжгийн хэмнэл нь хосуудыг түрж явдаг юм шиг...
Шинэ юмийг сурах нь үргэлж шинэ зүйлс, шинэ боломжууд, шинэ хүмүүстэй учрах эхлэл байдаг. Латин бүжиг миний амьдралд маш их аз жаргал, баяр хөөрийг авчирна гэдэгт би итгэлтэй байна. Туршилт үргэлжилсээр...