Sunday, 7 August 2016

Бид илүүг хүртэх эрхтэй!

Хэдэн долоо хоногийн өмнө миний нэг сайн найз нэгэн сингл залуутай учирч, хайрын романс үүсгэсэн юм. Тэр залуу их таалагдсан бололтой, зогсоо зайгүй учирлын романсаа диталчлан ярьж их л догдолсон байртай харагдана. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө залуугаа эхнэртэй, хоёр хүүхэдтэй гэдгийг танилаасаа олж мэджээ. Хичнээн нуусан ч Монгол жижигхэн гэдгийг бид бүгдээрээ л мэднэ. Хэзээ нэгэн цагт үнэнийг хэлэх найзын найзын найз гараад л ирнэ. Энэ найз мань миний өөр нэгэн сайн найзтай харьцуулахад бас ч азтай, нөхцөл байдал хүндрэхээс өмнө хурдхан олж мэдсэн байгаа юм. Энд яриад байгаа өөр нэгэн найзад минь юу тохиолдсон бэ гэвэл хоёр гаруй жил үерхсэн залуугийн эхнэр нь гэнэт нэг өдөр гарч ирсэн байдаг. Сэтгэл санааны маш хүнд цохилтонд орсон тул Монголд байхаас дургүй нь хүрээд сарын дотор шийдээд гадаад руу яваад өгсөн юм. Иймэрхүү явдлуудыг хүүхнүүд бид нэг бус удаа сонссон эсвэл өөрийн биеэрээ амсаад, хохирогч болоод үзчихсэн байдаг. 

Налгар дулаан зуныг хэдхэн сар л биеэрээ мэдэрдэг УБ-ийн залуус бид халуун шатаасан өдрийн орой задгай асар, терраст хүйтэн ундаа шимэнгээ, найз нөхөдтэйгээ ярилцан суухыг аргагүй сайн хийдэг билээ. Ингэж байхдаа танил нөхөд, ажлын газрынхан, хамаатны ах дүү нар гээд тааралдахгүй байх хүн ховор. Өчигдөр л гэхэд би урд өмнө уулзаж байсан залуутайгаа тааралдлаа. Одоо найз нөхдийн харилцаатай байдаг учраас нийлж суугаад сонин хачин, ажил төрөл, эхнэр нөхрүүдээ ярилцан хөгжилтэй цагийг өнгөрөөв. Ингээд харьцгаах болж намайг гэрт хүргээд өгий гэхээр нь татгалзалгүй зөвшөөрлөө. Гэтэл гэрийн гадаа ирэнгүүтээ үргэлжлүүлий хоёулаа эн тэр гээд тэнэгтэж гарав. Сүүлийн цаг хагас яриад байсан хайртай эхнэр, аз жаргалтай гэр бүл нь толгойноос нь доодох руу нь орчих вуу яав. Бүр дургүй хүрээд амыг нь алгаараа таглаад гэртээ орлоо.

Дээрх хоёр жишээн дээр хүслээ биелүүлэхийн тулд гэр бүлээ нуух эсвэл найз нөхдийн баг өмсөн, дүр эсгэх зэрэг арга хэрэглэж байгаа нь ядаж өөрийнхөө гэмийг тодорхой хэмжээгээр мэдэж буйгийн шинж бол гэмт сэтгэлийг огт мэдэрдэггүй, ухамсарладаггүй улаан цаймдаа гарсан залуус бас байх юм. Жишээлбэл, эмэгтэй хүн нөхөртэй, гэр бүлтэй тул өөрийг нь сонирхохгүй байгаагаа тодорхой хэлээд байхад "зүгээрээ салгаад авчихна" гээд байнга холбоо бариад, тухайн гэр бүлд бодит аюул занал учруулах хүмүүс байна. 

Манай УБ-ын 25-40 насныхны дунд ганц бие залуучууд тийм ч их биш, ялангуяа мэдлэг боловсрол, ажил төрөл, орлоготой залуучууд маш ховор байдаг. Харин миний мэдэх гадаад төрхийн хувьд сармагчингаас арай дээр, боловсролтой, ажилтай орлоготой ганц бие залуучууд ихэнх нь уулздаг нэг бүсгүйтэй биш нилээн олонтой байдаг. Энэ талаар бодохоор бидний эцэг эхийн үед эрчүүд нь эрчүүд шиг байж дээ, илүү харж, билүү долоохгүй, ханилан суух нэг бүсгүйгээ сонгоод, хийсэн сонголтондоо туушдаа явсаар эхнэрээ болгоод авдаг байж гэж бодогддог юм. Миний хувьд ганц бие байсан үеээ бодохоор үнэхээр гачлантай санагддаг. Эхнэртэй залуучуудад хууртагдана, эхнэргүйчүүдэд нь ч хууртагдана.

Энэ бүх эмх замбараагүй эр эмийн харилцаа зөвхөн залуучуудын дунд явагдаад байгаа гэвэл том төөрөгдөл болох юм. Хориос гучин насны залуучууд бол ихэвчлэн нэг шөнийн биеийн жаргалын төлөө явдаг бол дөч болон тавиад насны хөрөнгөжсөн эрчүүд залуу охидыг мөнгөөр худалдан авч, залуу амрагаа болгож байна. Ялангуяа амьдрал нь хүнд хэцүү, орон нутгаас хотод ганцаараа ороод ирсэн охидууд хөгшин эрчүүдийн мөнгөөр оюун ухаан, биеэ бузарлуулж байна. Манай төр засгийн өндөр албан тушаалтнууд, намын эрх мэдэлтнүүд, томоохон компанийн захирлууд дундаас залуу амрагтай, хоёрдогч эхнэртэй хүмүүс нилээдгүй гарах байх. Хэдэн жилийн өмнө улс даяар сенсаци болсон хуульзүйн яамны сайдын хэрэг үүний нэгээхэн жишээ болоод өгнө. Тэдний хувьд оюун ухаан нь боловсроод тогтчихсон, гэр бүл нь тогтворжчихсон, ажил амьдралаа босгоод, санхүүгийн баялгаа бүтээчихсэн, амьдралд санаа зовох зүйлгүй өөр зугаа цэнгэлд хошуурч явдаг. Гэтэл тэр залуу охидуудын хувьд нөхцөл байдал ямар байхав? Амьдрал мэдэхгүй, зөв зам заагаад өгөх хүн байхгүй, мөнгөгүй тул дээд боловсрол эзэмших нь битгий хэл өдөр хоногийг хоолтой, хоноглох газартай өнгөрөөхийн тулд юу ч хамаагүй хийгээд явж байдаг. Хатуу амьдралд нухлагдаад явж буй тэдний амьдралд тус болох санхүүгийн дэмжлэгийг хэн нэгэн үзүүлээд эхлэвэл хүүхэд чихэрнээс буцдаггүйтэй ижилхэн юм болдог бизээ. Энэ үзэгдлийг өнгөцхөн харвал хэрэгтэй хэрэгтэйгээ солилцож буй шударга наймаа шиг санагдах боловч өргөн утгаар хүний биеийг мөнгөөр худалдан авснаараа тухайн хүний оюун санаа, сэтгэлийг бохирдуулж, хялбар аргаар амьдарч болдог юм байна гэсэн асар буруу үзлийг гүн шингээж өгч байгаа юм. 
Манай улс орон ядуу, ард түмэн өлсөж байгаа боловч ийм аргаар амьдрах замыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Залуу эмэгтэйд өндөр мэдлэг боловсрол, чадварыг эзэмшиж, өөрийнхөө хүчээр хөл дээрээ зогсоохыг уриалж, хөхүүлэн дэмжиж, тэр замыг зааж өгч, тийм боломжоор хангах ёстой болохоос бусдын мөнгө, бусдын эрхэнд амьдрахыг нь зүгээр хараад сууж болохгүй.                      

Бид яаж яваад ийм байдалд хүрчих вэ? Энд юу нөлөөлөв? Үүний яахийн аргагүй нэг том шалтгаан нь хүйсийн харьцаа, тэнцэл алдагдсан явдал. 2015 оны байдлаар Нийслэл УБ хотод мань нийт 1,363,000 хүн ажиллаж амьдарч байгаагаас 651,000 нь эрэгтэй, 712,000 нь эмэгтэй хүн байна. Өөрөөр хэлбэл 109 эмэгтэйд 100 эрэгтэй ноогдож байна. 

Энэ нь бидний амьдралд ямар байдлаар шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг харвал нэгдүгээрт, 9 эмэгтэй насаараа ганц бие амьдрах ёстой болж байна. Гэвч амьдрал дээр сонгогдсон 9 эмэгтэй насаараа ганцаараа яваад байна гэсэн үг биш яагаад гэвэл гэр бүл салалт нийлэлт байнга явагдаж байдаг тул зүгээр л хэн ч бай 9 эмэгтэй л ямар нэгэн цаг үед ганц бие байна гэсэн үг юм. Хэзээ нэгэн цагт энэ эмэгтэй би ч байж болно, та ч байж болно. Хоёрдугаарт, хаана ч очсон эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс олон байна, хаана ч очсон ганц бие эмэгтэйчүүд байжил байна. Иймд эрчүүд нэг эмэгтэйгийн төлөө өрсөлдөх, түүнийгээ насан туршдаа хамгаалах биш олон эмэгтэйчүүдийг хүсэх хандлага бий болно. Өөрөөр хэлбэл, араар тавилт, гэр бүлээс гадуурх харилцаа, ганц бие залуу олон охидуудтай уулзах г.м. Гуравдугаарт, нөхрийн сэтгэл дэхь эхнэр хүүхэд, гэр бүлээ гэсэн үнэ цэнэ суларна. Яагаад гэвэл гэр бүл саллаа гэхэд нөхөр шинэ эхнэртэй болох магадлал эхнэрээс ойролцоогоор 10 дахин их байна. 

Хүйсийн харьцааны алдагдлаас гадна нийгмийн эр эмийн харилцааны энэхүү нөхцөл байдлын өөр нэгэн томоохон шалтгаан нь эрчүүдийн чадвар чансаа, боловсрол хүмүүжилтэй холбоотой асуудал юм. Монголын нийгмийн асуудлын бөөсний сэдэв нь эрчүүдийн архидалт, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл. Нөхөр нь боловсролгүй, архичин, мөнгөгүй, хүчирхийлэгчийн аль нэг эсвэл бүгд байхад нөхөр хүүхдээ тэжээгээд, гэр бүлээ авч явдаг бүсгүйчүүд зөндөө байна. Эсвэл хэт өндөр боловсрол, оюун ухааны түвшин, албан тушаалд хүрчихсэн бүсгүйчүүдэд тохирох хэмжээний нөхөр болох хүн олддоггүй хандлага нилээд түгээмэл байна. 

Манай орны хамгийн түгээмэл гэр бүлийн төрөл бол эхнэр нөхөр хоёулаа олдог цалин мөнгөрөө ч төсөөтэй, боловсрол мэдлэг ч ойролцоо хосууд юм. Гэвч хоёулаа яг ижилхэн ажилладаг боловч эхнэр  нь гэр орны ажил, хоол унд, хүүхэд шуухад бүгдийг нь хийдэг. Нөхөр нь диван дээр зурагт үзээд хэвтчихдэг. Махтай тостой хоол нэхэж идсээр байгаад зүрх судасны өвчин тусаад эхлээд яваад өгдөг. 

Эмэгтэйчүүд бид тэвчээртэй, даруу тулдаа л энэ нийгмийн асуудлын талаар одоог хүртэл хүчтэй дугарч, төр засгаас арга хэмжээ авахыг шаардаагүй биз. Хэрвээ эсрэгээрээ хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 109 эрэгтэй хүн ноогддог байсан бол манай эрчүүд аль хэдийн Азийн нэг улсаас бэр оруулж ирэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлээд явж байх байсан биз. Эсвэл эсрэгээрээ Монгол эмэгтэйчүүд архи уугаад, ажил хийхгүй, мэдлэг боловсролгүй, харанхуй бүдүүлэг, гэр орны ажил хийхгүй, хүүхэд шуухдаа асарч халамжлахгүй, гадуур дотуур яваад байвал эмэгтэйчүүдийг боловсролжуулах үндэсний хөтөлбөр, гэр орны ажилд сургах дамжаа, архинаас гаргах албадан эмчилгээ зэрэгт автобус автобусаар нь ачаад явуулж байх байсан даа. 

Энэхүү асуудлыг сайжруулах дорвитой ажлыг улс даяраа ердөөсөө ч хийгээгүй хирнээ гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлэх биологийн хэрэгцээ шаардлага, сайн сайхан, элбэг бүтэн амьдрал руу зүтгэх хүний үндсэн эрхээ дагаад гадаадын хүнтэй суусан Монгол эмэгтэйчүүдээ бүхэл нийгмээрээ муу хэлж гадуурхана.

1990-ээд оноос хойш эмэгтэйчүүд бид амьдралын төрөл бүрийн зовлонг туулж ирлээ. Гэвч энэ бүх зовлонгоос хамгийн хүнд, муухай зовлон бол хажуудах ханьдаа хууртагдах, доромжлуулах, биеийн болон сэтгэлийн зодуур амсах, хайрлагдахгүй байх, үнэ цэнэгүй байхгүй, ганцаардах, ганцаардсанаас болж тэнэг хүнтэй ханилах бизээ. 

Монгол эмэгтэйчүүд хэдий өөрсдийгөө дэлхийд хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд гэж боддог ч миний бодлоор огт үгүй юм. Тэд амьдралын хүнд ачааг үүрч байгаа болохоор л  өөрсдийгөө хүчтэй гэж үздэг. Гэвч жинхэнэ хүчирхэг эмэгтэй бол өөрийгөө хүндэтгэдэг, хайрладаг, өөртөө цаг гаргадаг, хүссэн зүйлээ хийж чаддаг, санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй, шударга халамжтай амьдралын партнёртой, бусадтай яг ижил нийгмийн боломжоор хангагдсан байх ёстой. Үгүй бол өнөөдөр таны байр суурь ямар ч бай хамаагүй түүний төлөө эмэгтэйчүүд бүгд хамтдаа тэмцэх ёстой, яагаад гэвэл бид эмэгтэйчүүд гэсэн нэгэн эрх ашгийн доор нэгтгэгддэг тул. Энэ тэмцэлийн эхлэл бол одоогийн нөхцөл байдлаа илүү эрх тэгш өнцгөөс дахин харах, би үүнээс илүүг хүртэх эрхтэй гэдгээ өөртөө хатуу ойлгуулах юм.  
  

No comments:

Post a Comment