Хэдэн өдрийн өмнө нь нөөтбүүк дээрээ жоохон ажил хийх санаатай гэрийн шуугианаас зугтан байж кофе шопт орж ирээд, арай чимээ шуугиан, хөл хөдөлгөөн багатай нэг булан олж аваад, тухлаад сууж байлаа. Ажилдаа төвлөрчихөөд байсан хэсэг хугацааны дараа над дээр нэг хүүхдээ тэвэрсэн охин ирээд Уучлаарай, та өөр газар суучих, би наана чинь хүүхэдтэйгээ суух гэсэн юм гэж байна. Бүр гайхаад, цаана нь хамт ирсэн бололтой хэдэн найз охидууд нь хараад зогсож байнаа, ойр орчмоо харсан зөндөө л сул суудал байх юм, заавал хамаг юмаа дэлгээд, лаптопоо залгацан, ажил хийгээд сууж байгаа хүнд төвөг удаж байх гэж бодоод чадахгүй л гээд хэлчлээ. Ердийн үед ажил хөөцөлдөөд хүүхдээ тэвэрцэн явж байгаа, оочирлоод зогсож байгаа, такси барих гээд зогсож байгаа хүүхэдтэй хүмүүсийг би өмнөө оруулаад л өгдөг дөө. Харин амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх гээд ижилхэн мөнгө төгрөг төлөөд сууж байгаа кофе шоп, ресторан гэх мэт газруудад хүүхдээрээ далимдуулаад бусад хүнийг хөөж туугаад дарамтлаад байж болохгүй биз дээ.
Саяхан бас багын хоёр найз охинтойгоо орой цаг тохироод уулзахаар боллоо. Тэр хоёр хоёулаа л хүүхэдтэй л дээ. Ялгаа нь гэвэл нэг нь уулаасаа цаг баридаггүй, нөгөө нь цаг барьдаг хурдан шуурхай хүн. Таамагласан ёсоор нэг нь яг цагтаа ирээд, нөгөө нь цаг хагасын дараа орж ирлээ. Удаан уулзаагүй хүмүүс баярлаж хөөрөөд л цаг бариагүй талаар нь тоглоом шоглоом болгоод хэлэхэд харин тийн хоёр хүүхэдтэй болцон чинь гээд л буруугаа бага руугаа чихэж байна. Инээгээд л өнгөрөв. Хоёртой ч цагаа яс барьдаг хүмүүс бас байнаа байна. Ер нь хүний хувийн зохион байгуулалт буюу цаг барих чинь хүүхэдтэй хүүхэдгүйтэй ямар ч хамаагүй юм шиг. Ганц бие мөртлөө байнга 1-2 цагаар хоцордог хүмүүс бас байна байна.
Ердөөсөө цагаа барьдаггүй хоёр төрлийн хүмүүс байдаг: 1. Удаан хөдөлгөөнтэй, тайван зантай, эсвэл олон үйлдлийг зэрэг хийх чадваргүй хүмүүс буюу цаг хугацаанд төлөвлөснөө амжуулах төрөлхийн чадвар муутай хүмүүс. Ийм хүмүүстэй найз бол хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй 2. Албаар хоцордог хүмүүс. Хоцроно гэдгээ мэдсээр байж яг л өөрийнхөө хийх ажлуудаа амжуулсны дараа очдог. Ийм хүмүүс хүлээж байгаа хүний цаг завыг огт хүндэлдэггүй, өөрийгөө буюу өөрийн цагийг бусдын цагаас үнэтэй гэж үздэг тул үргэлжлүүлэн харилцах ёстой эсэхээ дахин бодоод үзээрэй.
Хүүхэдтэй болж амжаагүй эмэгтэйчүүд, хүүхдийг сонгоогүй амьдралын хэв маягтай эмэгтэйчүүдийг эелдэгхэн дарамталдаг бас нэгэн төрлийн эмэгтэйчүүд байна. Энэ төрлийнхөн бол эрт хүнтэй сууж, хорин хэдэн насандаа хоёр гурван хүүхэдтэй болчихсон залуу гэрийн эзэгтэй нар байдаг. Тэд найз нөхөдтэйгээ уулзах үедээ хүүхэд, нөхрөөсөө өөр зүйл ярина гэж бараг байхгүй. Учир нь тэд гадаад дотоодод сурж, эрдэм мэдлэгээ дээшлүүлж, олон хүнтэй харьцаж, хамт олны дундд орж, ажил алба эрхэлж яваагүй юм. Үнэндээ тэд үүнэээсээ болж маш их эмзэглэдэг. Ингэснээсээ болж тэд өөрсдийгөө ямар их жаргалтай байгааг, гэрийн эзэгтэйн амьдрал бол эмэгтэй хүний цорын ганц зам юм шиг ярьж гардаг. Тэгээд бас зүгээр байхгүй өөрийнх нь эсрэг замаар явж буй эмэгтэйчүүдийг хэзээ нөхөрт гарч, хүүхэдтэй болох гэж байгааг асууж, хурдлахгүй бол цаг хугацаа яваад байна гээд нэг л их санаа зовсон царай гаргаж хэлнэ. Энэ нь ганц бие бүсгүйчүүдэд эелдэгхэн дарамтлаад ч байгаа юм шиг, тохуурхаад ч байгаа юм шиг сонсогддог. Учир нь тэд энэ талаар хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа, бүр бөөсний сэдэв гэдэг шиг сонсохоос, тайлбарлахаас залхчихсан байдаг. Эмзэг сэдэв нь болчихсон байдаг, хөндөнгүүт хаягдсан залуу, бүтээгүй явдлууд нь санаанд нь ороод, ер нь амьдралын (биологийн мэнд үлдэх, ижлээ олох, үр удмаа үлдээх) талаар өөртөө итгэх итгэл нь нилээн буурчихсан, бүр алга болчихсон байдаг юм. Иймээс л гэр бүлтэй нь гэр бүлтэйгээрээ, синглүүд нь синглүүдээрээ өөр хоорондоо нийлдэг болчихдог.
Ер нь манай монголчууд шиг хүний хувийн амьдралд хөндлөнгөөс цор цор гээд оролцоод, хамаа намаагүй юм асуугаад, худлаа санаа зовсон царай гаргаж хурдан хүнтэй суу гээд лекц уншаад байдаг хүмүүс ховор шүү. Ганц бие хүмүүс бол жилийн 365 өдрийн аль ч өдөр, аль ч цагт ажил дээр ч, амарч байхдаа ч таних танихгүй хэний ч сэтгэлзүйн довтолгоонд өртөх маш өндөр магадлалтай хүмүүс юм. Зүв зүгээр гадаа салхилаад зогсож байхад юм ярьж ч үзээгүй ажлын ах хүү ирээд л За, хүнтэй суусан уу, хурдан хүүхэдтэй болоож ч гэх шиг. Хамгийн гол нь иймэрхүү сэтгэлзүйн дарамтыг аливаа гуравдагчаас илүү хамгийн дотны хүмүүс болох эцэг эх, хамаатан садан, найз нөхдүүд өгөөд байдаг. Бусад хүмүүсийн юу гэхийг юман чиний бодохгүй өнгөрөх боловч бид ойр дотны хүмүүсийн санаатай санамсаргүй үгэнд их автаж, хүндээр хүлээн авдаг нь үнэн. Ингэж ганц бие охид бүсгүйчүүдэд асар их сэтгэлийн дарамт өгөөд байгаа нь эргээд тэднийг амьдралын буруу сонголт хийхэд хүргээд байна. Бүр хорин хэдтэй залуу охидуудыг сурч боловсорч, бие даан хөл дээрээ зогсоод, амжилтанд хүр гэж зөв зам зааж өгөхөөс илүүтэйгээр хөгширлөө, хүүхэд гарга гэж загнаад байгаад хэлэх ч үг олдохгүй. Энэ нийгмийн буруу ятгалгаас болоод гуч дөхөж явуу залуу эмэгтэйчүүд гэр бүлтэй хүнээс жирэмсэн болж гэр бүл салгах, эсвэл бүр эцэггүй хүүхдийг өсгөх дээрээ тулаад байна.
Яг өнөө үеийн үржлийн насны Монгол эмэгтэйчүүд, ер нь л монголчууд яагаад, хэзээ, ямар нөхцөлд хүүхэдтэй болох шийдвэр гаргаад байна? Ядаж л тэдний оюун санаа хэзээ энэ бүхэнд бэлэн болчихсон байдаг юм бол? Үүнийг дахин нэг бодож үзмээр юм шиг.
Миний хувьд бага байхаасаа одоо хүртэл энэ асуултыг өөрөөсөө болон эргэн тойрноосоо асуусаар ирсэн. Тэднээс сонссон хамгийн түгээмэл хариулт бол "Хүүхэд хэрэгтэй ш д" эсвэл "Байхгүй бол болохгүй, амьдрал утгагүй". Хэрэгтэй гэдэг нь нас яваад өвдөөд зовоод, хүний гарт ороод ирэхээр өөрийгөө асруулах хүн хэрэгтэй гэсэн утга л даа. Хүүхэд бол амьдралын утга учир, аз жаргал гэж олон хүмүүс хэлдэг. Зарим хүмүүс бүр хүүхэд гаргавал зарим төрлийн хавдар тусах магадлал бага байдаг гэж ярьдаг. Тэгэхээр хүүхэд гэдэг чинь хүмүүсийн аз жаргалтай, эрүүл байх, хөгширснийхөө дараа ганцаардахгүй байх гэсэн өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн даатгал болж таарлаа. Тодорхой хүмүүст энэ нь болохгүй зүйл байхгүй. Гэвч бид хүүхдэд эргүүлээд юу өгч чадах вэ, сайн амьдрал өгч чадах уу үгүй юу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Нэгэнт хүний биеийг энэ дэлхий дээр авчрах гэж байгаа бол сайхан амьдралыг өгдөг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд элэг бүтэн, аз жаргалаар дүүрэн орчинд, хангалттай чанарлаг хоол хүнс хэрэглэж, шаардлага хангасан орон гэрт амьдарч, цаашлаад ирээдүйд нь тус болох өндөр боловсролыг олгох хэрэгтэй. Ингэснээр хувь хүний хөгжил сайжраад, улс орны нийгэм эдийн засаг хөгжөөд ирнэ. Ер нь хүн амын тоондоо биш чанартаа анхаарал хандуулмаар байна.
Эцэст нь базаад хэлэхэд охид эмэгтэйчүүд бие биенийхээ амьдралын сонголтыг байгаагаар нь хүндэтгэн үзээч, тус тусынхаа амьдралд сэтгэл хангалуун байж, заавал чинийхтэй ижил биш гээд битгий бусдын амьдрал, цаг завыг дорд үзэж, өөрийнхийгөө өндөрт бодож байгаачээ гэж хүсмээр байна. Монголчууд цаг цагаараа байдаггүй гэдэг. Гадаадад бол бүх юм цаг цагтаа тохиолддог гэдэг. Зарим хүмүүс эрт ханиа олдог, зарим нь орой гэрлэдэг жамтай. Хэзээ гэдэг нь чухал биш бүх зүйл зөв цагтаа болж байх нь чухал. Тэгэхээр хүмүүс нэг нэгэндээ битгий буруу зөвлөмж өгч байгаачээ, залуу эмэгтэйчүүдийг хурдан хүнтэй суу хөгширлөө гэхээс илүү хурдан сурч боловсорч, зөв хүн болж, зөв хүнтэй учирсныхаа дараа хүүхэд гарга гэж зөвлөөчээ гэж хүсмээр байна. Энэ нь эргүүлээд нийгмийн маш олон асуудлыг шийднэ шүү.
No comments:
Post a Comment