Sunday, 7 August 2016

Бид илүүг хүртэх эрхтэй!

Хэдэн долоо хоногийн өмнө миний нэг сайн найз нэгэн сингл залуутай учирч, хайрын романс үүсгэсэн юм. Тэр залуу их таалагдсан бололтой, зогсоо зайгүй учирлын романсаа диталчлан ярьж их л догдолсон байртай харагдана. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө залуугаа эхнэртэй, хоёр хүүхэдтэй гэдгийг танилаасаа олж мэджээ. Хичнээн нуусан ч Монгол жижигхэн гэдгийг бид бүгдээрээ л мэднэ. Хэзээ нэгэн цагт үнэнийг хэлэх найзын найзын найз гараад л ирнэ. Энэ найз мань миний өөр нэгэн сайн найзтай харьцуулахад бас ч азтай, нөхцөл байдал хүндрэхээс өмнө хурдхан олж мэдсэн байгаа юм. Энд яриад байгаа өөр нэгэн найзад минь юу тохиолдсон бэ гэвэл хоёр гаруй жил үерхсэн залуугийн эхнэр нь гэнэт нэг өдөр гарч ирсэн байдаг. Сэтгэл санааны маш хүнд цохилтонд орсон тул Монголд байхаас дургүй нь хүрээд сарын дотор шийдээд гадаад руу яваад өгсөн юм. Иймэрхүү явдлуудыг хүүхнүүд бид нэг бус удаа сонссон эсвэл өөрийн биеэрээ амсаад, хохирогч болоод үзчихсэн байдаг. 

Налгар дулаан зуныг хэдхэн сар л биеэрээ мэдэрдэг УБ-ийн залуус бид халуун шатаасан өдрийн орой задгай асар, терраст хүйтэн ундаа шимэнгээ, найз нөхөдтэйгээ ярилцан суухыг аргагүй сайн хийдэг билээ. Ингэж байхдаа танил нөхөд, ажлын газрынхан, хамаатны ах дүү нар гээд тааралдахгүй байх хүн ховор. Өчигдөр л гэхэд би урд өмнө уулзаж байсан залуутайгаа тааралдлаа. Одоо найз нөхдийн харилцаатай байдаг учраас нийлж суугаад сонин хачин, ажил төрөл, эхнэр нөхрүүдээ ярилцан хөгжилтэй цагийг өнгөрөөв. Ингээд харьцгаах болж намайг гэрт хүргээд өгий гэхээр нь татгалзалгүй зөвшөөрлөө. Гэтэл гэрийн гадаа ирэнгүүтээ үргэлжлүүлий хоёулаа эн тэр гээд тэнэгтэж гарав. Сүүлийн цаг хагас яриад байсан хайртай эхнэр, аз жаргалтай гэр бүл нь толгойноос нь доодох руу нь орчих вуу яав. Бүр дургүй хүрээд амыг нь алгаараа таглаад гэртээ орлоо.

Дээрх хоёр жишээн дээр хүслээ биелүүлэхийн тулд гэр бүлээ нуух эсвэл найз нөхдийн баг өмсөн, дүр эсгэх зэрэг арга хэрэглэж байгаа нь ядаж өөрийнхөө гэмийг тодорхой хэмжээгээр мэдэж буйгийн шинж бол гэмт сэтгэлийг огт мэдэрдэггүй, ухамсарладаггүй улаан цаймдаа гарсан залуус бас байх юм. Жишээлбэл, эмэгтэй хүн нөхөртэй, гэр бүлтэй тул өөрийг нь сонирхохгүй байгаагаа тодорхой хэлээд байхад "зүгээрээ салгаад авчихна" гээд байнга холбоо бариад, тухайн гэр бүлд бодит аюул занал учруулах хүмүүс байна. 

Манай УБ-ын 25-40 насныхны дунд ганц бие залуучууд тийм ч их биш, ялангуяа мэдлэг боловсрол, ажил төрөл, орлоготой залуучууд маш ховор байдаг. Харин миний мэдэх гадаад төрхийн хувьд сармагчингаас арай дээр, боловсролтой, ажилтай орлоготой ганц бие залуучууд ихэнх нь уулздаг нэг бүсгүйтэй биш нилээн олонтой байдаг. Энэ талаар бодохоор бидний эцэг эхийн үед эрчүүд нь эрчүүд шиг байж дээ, илүү харж, билүү долоохгүй, ханилан суух нэг бүсгүйгээ сонгоод, хийсэн сонголтондоо туушдаа явсаар эхнэрээ болгоод авдаг байж гэж бодогддог юм. Миний хувьд ганц бие байсан үеээ бодохоор үнэхээр гачлантай санагддаг. Эхнэртэй залуучуудад хууртагдана, эхнэргүйчүүдэд нь ч хууртагдана.

Энэ бүх эмх замбараагүй эр эмийн харилцаа зөвхөн залуучуудын дунд явагдаад байгаа гэвэл том төөрөгдөл болох юм. Хориос гучин насны залуучууд бол ихэвчлэн нэг шөнийн биеийн жаргалын төлөө явдаг бол дөч болон тавиад насны хөрөнгөжсөн эрчүүд залуу охидыг мөнгөөр худалдан авч, залуу амрагаа болгож байна. Ялангуяа амьдрал нь хүнд хэцүү, орон нутгаас хотод ганцаараа ороод ирсэн охидууд хөгшин эрчүүдийн мөнгөөр оюун ухаан, биеэ бузарлуулж байна. Манай төр засгийн өндөр албан тушаалтнууд, намын эрх мэдэлтнүүд, томоохон компанийн захирлууд дундаас залуу амрагтай, хоёрдогч эхнэртэй хүмүүс нилээдгүй гарах байх. Хэдэн жилийн өмнө улс даяар сенсаци болсон хуульзүйн яамны сайдын хэрэг үүний нэгээхэн жишээ болоод өгнө. Тэдний хувьд оюун ухаан нь боловсроод тогтчихсон, гэр бүл нь тогтворжчихсон, ажил амьдралаа босгоод, санхүүгийн баялгаа бүтээчихсэн, амьдралд санаа зовох зүйлгүй өөр зугаа цэнгэлд хошуурч явдаг. Гэтэл тэр залуу охидуудын хувьд нөхцөл байдал ямар байхав? Амьдрал мэдэхгүй, зөв зам заагаад өгөх хүн байхгүй, мөнгөгүй тул дээд боловсрол эзэмших нь битгий хэл өдөр хоногийг хоолтой, хоноглох газартай өнгөрөөхийн тулд юу ч хамаагүй хийгээд явж байдаг. Хатуу амьдралд нухлагдаад явж буй тэдний амьдралд тус болох санхүүгийн дэмжлэгийг хэн нэгэн үзүүлээд эхлэвэл хүүхэд чихэрнээс буцдаггүйтэй ижилхэн юм болдог бизээ. Энэ үзэгдлийг өнгөцхөн харвал хэрэгтэй хэрэгтэйгээ солилцож буй шударга наймаа шиг санагдах боловч өргөн утгаар хүний биеийг мөнгөөр худалдан авснаараа тухайн хүний оюун санаа, сэтгэлийг бохирдуулж, хялбар аргаар амьдарч болдог юм байна гэсэн асар буруу үзлийг гүн шингээж өгч байгаа юм. 
Манай улс орон ядуу, ард түмэн өлсөж байгаа боловч ийм аргаар амьдрах замыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Залуу эмэгтэйд өндөр мэдлэг боловсрол, чадварыг эзэмшиж, өөрийнхөө хүчээр хөл дээрээ зогсоохыг уриалж, хөхүүлэн дэмжиж, тэр замыг зааж өгч, тийм боломжоор хангах ёстой болохоос бусдын мөнгө, бусдын эрхэнд амьдрахыг нь зүгээр хараад сууж болохгүй.                      

Бид яаж яваад ийм байдалд хүрчих вэ? Энд юу нөлөөлөв? Үүний яахийн аргагүй нэг том шалтгаан нь хүйсийн харьцаа, тэнцэл алдагдсан явдал. 2015 оны байдлаар Нийслэл УБ хотод мань нийт 1,363,000 хүн ажиллаж амьдарч байгаагаас 651,000 нь эрэгтэй, 712,000 нь эмэгтэй хүн байна. Өөрөөр хэлбэл 109 эмэгтэйд 100 эрэгтэй ноогдож байна. 

Энэ нь бидний амьдралд ямар байдлаар шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг харвал нэгдүгээрт, 9 эмэгтэй насаараа ганц бие амьдрах ёстой болж байна. Гэвч амьдрал дээр сонгогдсон 9 эмэгтэй насаараа ганцаараа яваад байна гэсэн үг биш яагаад гэвэл гэр бүл салалт нийлэлт байнга явагдаж байдаг тул зүгээр л хэн ч бай 9 эмэгтэй л ямар нэгэн цаг үед ганц бие байна гэсэн үг юм. Хэзээ нэгэн цагт энэ эмэгтэй би ч байж болно, та ч байж болно. Хоёрдугаарт, хаана ч очсон эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс олон байна, хаана ч очсон ганц бие эмэгтэйчүүд байжил байна. Иймд эрчүүд нэг эмэгтэйгийн төлөө өрсөлдөх, түүнийгээ насан туршдаа хамгаалах биш олон эмэгтэйчүүдийг хүсэх хандлага бий болно. Өөрөөр хэлбэл, араар тавилт, гэр бүлээс гадуурх харилцаа, ганц бие залуу олон охидуудтай уулзах г.м. Гуравдугаарт, нөхрийн сэтгэл дэхь эхнэр хүүхэд, гэр бүлээ гэсэн үнэ цэнэ суларна. Яагаад гэвэл гэр бүл саллаа гэхэд нөхөр шинэ эхнэртэй болох магадлал эхнэрээс ойролцоогоор 10 дахин их байна. 

Хүйсийн харьцааны алдагдлаас гадна нийгмийн эр эмийн харилцааны энэхүү нөхцөл байдлын өөр нэгэн томоохон шалтгаан нь эрчүүдийн чадвар чансаа, боловсрол хүмүүжилтэй холбоотой асуудал юм. Монголын нийгмийн асуудлын бөөсний сэдэв нь эрчүүдийн архидалт, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл. Нөхөр нь боловсролгүй, архичин, мөнгөгүй, хүчирхийлэгчийн аль нэг эсвэл бүгд байхад нөхөр хүүхдээ тэжээгээд, гэр бүлээ авч явдаг бүсгүйчүүд зөндөө байна. Эсвэл хэт өндөр боловсрол, оюун ухааны түвшин, албан тушаалд хүрчихсэн бүсгүйчүүдэд тохирох хэмжээний нөхөр болох хүн олддоггүй хандлага нилээд түгээмэл байна. 

Манай орны хамгийн түгээмэл гэр бүлийн төрөл бол эхнэр нөхөр хоёулаа олдог цалин мөнгөрөө ч төсөөтэй, боловсрол мэдлэг ч ойролцоо хосууд юм. Гэвч хоёулаа яг ижилхэн ажилладаг боловч эхнэр  нь гэр орны ажил, хоол унд, хүүхэд шуухад бүгдийг нь хийдэг. Нөхөр нь диван дээр зурагт үзээд хэвтчихдэг. Махтай тостой хоол нэхэж идсээр байгаад зүрх судасны өвчин тусаад эхлээд яваад өгдөг. 

Эмэгтэйчүүд бид тэвчээртэй, даруу тулдаа л энэ нийгмийн асуудлын талаар одоог хүртэл хүчтэй дугарч, төр засгаас арга хэмжээ авахыг шаардаагүй биз. Хэрвээ эсрэгээрээ хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 109 эрэгтэй хүн ноогддог байсан бол манай эрчүүд аль хэдийн Азийн нэг улсаас бэр оруулж ирэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлээд явж байх байсан биз. Эсвэл эсрэгээрээ Монгол эмэгтэйчүүд архи уугаад, ажил хийхгүй, мэдлэг боловсролгүй, харанхуй бүдүүлэг, гэр орны ажил хийхгүй, хүүхэд шуухдаа асарч халамжлахгүй, гадуур дотуур яваад байвал эмэгтэйчүүдийг боловсролжуулах үндэсний хөтөлбөр, гэр орны ажилд сургах дамжаа, архинаас гаргах албадан эмчилгээ зэрэгт автобус автобусаар нь ачаад явуулж байх байсан даа. 

Энэхүү асуудлыг сайжруулах дорвитой ажлыг улс даяраа ердөөсөө ч хийгээгүй хирнээ гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлэх биологийн хэрэгцээ шаардлага, сайн сайхан, элбэг бүтэн амьдрал руу зүтгэх хүний үндсэн эрхээ дагаад гадаадын хүнтэй суусан Монгол эмэгтэйчүүдээ бүхэл нийгмээрээ муу хэлж гадуурхана.

1990-ээд оноос хойш эмэгтэйчүүд бид амьдралын төрөл бүрийн зовлонг туулж ирлээ. Гэвч энэ бүх зовлонгоос хамгийн хүнд, муухай зовлон бол хажуудах ханьдаа хууртагдах, доромжлуулах, биеийн болон сэтгэлийн зодуур амсах, хайрлагдахгүй байх, үнэ цэнэгүй байхгүй, ганцаардах, ганцаардсанаас болж тэнэг хүнтэй ханилах бизээ. 

Монгол эмэгтэйчүүд хэдий өөрсдийгөө дэлхийд хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд гэж боддог ч миний бодлоор огт үгүй юм. Тэд амьдралын хүнд ачааг үүрч байгаа болохоор л  өөрсдийгөө хүчтэй гэж үздэг. Гэвч жинхэнэ хүчирхэг эмэгтэй бол өөрийгөө хүндэтгэдэг, хайрладаг, өөртөө цаг гаргадаг, хүссэн зүйлээ хийж чаддаг, санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй, шударга халамжтай амьдралын партнёртой, бусадтай яг ижил нийгмийн боломжоор хангагдсан байх ёстой. Үгүй бол өнөөдөр таны байр суурь ямар ч бай хамаагүй түүний төлөө эмэгтэйчүүд бүгд хамтдаа тэмцэх ёстой, яагаад гэвэл бид эмэгтэйчүүд гэсэн нэгэн эрх ашгийн доор нэгтгэгддэг тул. Энэ тэмцэлийн эхлэл бол одоогийн нөхцөл байдлаа илүү эрх тэгш өнцгөөс дахин харах, би үүнээс илүүг хүртэх эрхтэй гэдгээ өөртөө хатуу ойлгуулах юм.  
  

Sunday, 10 April 2016

Бүгд хүүхдийн буруу! Эсвэл хүүхэдгүй бидний буруу!

Хэдэн өдрийн өмнө нь нөөтбүүк дээрээ жоохон ажил хийх санаатай гэрийн шуугианаас зугтан байж кофе шопт орж ирээд, арай чимээ шуугиан, хөл хөдөлгөөн багатай нэг булан олж аваад, тухлаад сууж байлаа. Ажилдаа төвлөрчихөөд байсан хэсэг хугацааны дараа над дээр нэг хүүхдээ тэвэрсэн охин ирээд Уучлаарай, та өөр газар суучих, би наана чинь хүүхэдтэйгээ суух гэсэн юм гэж байна. Бүр гайхаад, цаана нь хамт ирсэн бололтой хэдэн найз охидууд нь хараад зогсож байнаа, ойр орчмоо харсан зөндөө л сул суудал байх юм, заавал хамаг юмаа дэлгээд, лаптопоо залгацан, ажил хийгээд сууж байгаа хүнд төвөг удаж байх гэж бодоод чадахгүй л гээд хэлчлээ. Ердийн үед ажил хөөцөлдөөд хүүхдээ тэвэрцэн явж байгаа, оочирлоод зогсож байгаа, такси барих гээд зогсож байгаа хүүхэдтэй хүмүүсийг би өмнөө оруулаад л өгдөг дөө. Харин амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх гээд ижилхэн мөнгө төгрөг төлөөд сууж байгаа кофе шоп, ресторан гэх мэт газруудад хүүхдээрээ далимдуулаад бусад хүнийг хөөж туугаад дарамтлаад байж болохгүй биз дээ.
Саяхан бас багын хоёр найз охинтойгоо орой цаг тохироод уулзахаар боллоо. Тэр хоёр хоёулаа л хүүхэдтэй л дээ. Ялгаа нь гэвэл нэг нь уулаасаа цаг баридаггүй, нөгөө нь цаг барьдаг хурдан шуурхай хүн. Таамагласан ёсоор нэг нь яг цагтаа ирээд, нөгөө нь цаг хагасын дараа орж ирлээ. Удаан уулзаагүй хүмүүс баярлаж хөөрөөд л цаг бариагүй талаар нь тоглоом шоглоом болгоод хэлэхэд харин тийн хоёр хүүхэдтэй болцон чинь гээд л  буруугаа бага руугаа чихэж байна. Инээгээд л өнгөрөв. Хоёртой ч цагаа яс барьдаг хүмүүс бас байнаа байна. Ер нь хүний хувийн зохион байгуулалт буюу цаг барих чинь хүүхэдтэй хүүхэдгүйтэй  ямар ч хамаагүй юм шиг. Ганц бие мөртлөө байнга 1-2 цагаар хоцордог хүмүүс бас байна байна.
Ердөөсөө цагаа барьдаггүй хоёр төрлийн хүмүүс байдаг: 1. Удаан хөдөлгөөнтэй, тайван зантай, эсвэл олон үйлдлийг зэрэг хийх чадваргүй хүмүүс буюу цаг хугацаанд төлөвлөснөө амжуулах төрөлхийн чадвар муутай хүмүүс. Ийм хүмүүстэй найз бол хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй 2. Албаар хоцордог хүмүүс. Хоцроно гэдгээ мэдсээр байж яг л өөрийнхөө хийх ажлуудаа амжуулсны дараа очдог. Ийм хүмүүс хүлээж байгаа хүний цаг завыг огт хүндэлдэггүй, өөрийгөө буюу өөрийн цагийг бусдын цагаас үнэтэй гэж үздэг тул үргэлжлүүлэн харилцах ёстой эсэхээ дахин бодоод үзээрэй.
Хүүхэдтэй болж амжаагүй эмэгтэйчүүд, хүүхдийг сонгоогүй амьдралын хэв маягтай эмэгтэйчүүдийг эелдэгхэн дарамталдаг бас нэгэн төрлийн эмэгтэйчүүд байна. Энэ төрлийнхөн бол эрт хүнтэй сууж, хорин хэдэн насандаа хоёр гурван хүүхэдтэй болчихсон залуу гэрийн эзэгтэй нар байдаг. Тэд найз нөхөдтэйгээ уулзах үедээ хүүхэд, нөхрөөсөө өөр зүйл ярина гэж бараг байхгүй. Учир нь тэд гадаад дотоодод сурж, эрдэм мэдлэгээ дээшлүүлж, олон хүнтэй харьцаж, хамт олны дундд орж, ажил алба эрхэлж яваагүй юм. Үнэндээ тэд үүнэээсээ болж маш их эмзэглэдэг. Ингэснээсээ болж тэд өөрсдийгөө ямар их жаргалтай байгааг, гэрийн эзэгтэйн амьдрал бол эмэгтэй хүний цорын ганц зам юм шиг ярьж гардаг. Тэгээд бас зүгээр байхгүй өөрийнх нь эсрэг замаар явж буй эмэгтэйчүүдийг хэзээ нөхөрт гарч, хүүхэдтэй болох гэж байгааг асууж, хурдлахгүй бол цаг хугацаа яваад байна гээд нэг л их санаа зовсон царай гаргаж хэлнэ. Энэ нь ганц бие бүсгүйчүүдэд эелдэгхэн дарамтлаад ч байгаа юм шиг, тохуурхаад ч байгаа юм шиг сонсогддог. Учир нь тэд энэ талаар хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа, бүр бөөсний сэдэв гэдэг шиг сонсохоос, тайлбарлахаас залхчихсан байдаг. Эмзэг сэдэв нь болчихсон байдаг, хөндөнгүүт хаягдсан залуу, бүтээгүй явдлууд нь санаанд нь ороод, ер нь амьдралын (биологийн мэнд үлдэх, ижлээ олох, үр удмаа үлдээх) талаар өөртөө итгэх итгэл нь нилээн буурчихсан, бүр алга болчихсон байдаг юм. Иймээс л гэр бүлтэй нь гэр бүлтэйгээрээ, синглүүд нь синглүүдээрээ өөр хоорондоо нийлдэг болчихдог.
Ер нь манай монголчууд шиг хүний хувийн амьдралд хөндлөнгөөс цор цор гээд оролцоод, хамаа намаагүй юм асуугаад, худлаа санаа зовсон царай гаргаж хурдан хүнтэй суу гээд лекц уншаад байдаг хүмүүс ховор шүү. Ганц бие хүмүүс бол жилийн 365 өдрийн аль ч өдөр, аль ч цагт ажил дээр ч, амарч байхдаа ч таних танихгүй хэний ч сэтгэлзүйн довтолгоонд өртөх маш өндөр магадлалтай хүмүүс юм. Зүв зүгээр гадаа салхилаад зогсож байхад юм ярьж ч  үзээгүй ажлын ах хүү ирээд л За, хүнтэй суусан уу, хурдан хүүхэдтэй болоож ч гэх шиг. Хамгийн гол нь иймэрхүү сэтгэлзүйн дарамтыг аливаа гуравдагчаас илүү хамгийн дотны хүмүүс болох эцэг эх, хамаатан садан, найз нөхдүүд өгөөд байдаг. Бусад хүмүүсийн юу гэхийг юман чиний бодохгүй өнгөрөх боловч бид ойр дотны хүмүүсийн санаатай санамсаргүй үгэнд их автаж, хүндээр хүлээн авдаг нь үнэн. Ингэж ганц бие охид бүсгүйчүүдэд асар их сэтгэлийн дарамт өгөөд байгаа нь эргээд тэднийг амьдралын буруу сонголт хийхэд хүргээд байна. Бүр хорин хэдтэй залуу охидуудыг сурч боловсорч, бие даан хөл дээрээ зогсоод, амжилтанд хүр гэж зөв зам зааж өгөхөөс илүүтэйгээр хөгширлөө, хүүхэд гарга гэж загнаад байгаад хэлэх ч үг олдохгүй. Энэ нийгмийн буруу ятгалгаас болоод гуч дөхөж явуу залуу эмэгтэйчүүд гэр бүлтэй хүнээс жирэмсэн болж гэр бүл салгах, эсвэл бүр эцэггүй хүүхдийг өсгөх дээрээ тулаад байна.
Яг өнөө үеийн үржлийн насны Монгол эмэгтэйчүүд, ер нь л монголчууд яагаад, хэзээ, ямар нөхцөлд хүүхэдтэй болох шийдвэр гаргаад байна? Ядаж л тэдний оюун санаа хэзээ энэ бүхэнд бэлэн болчихсон байдаг юм бол? Үүнийг дахин нэг бодож үзмээр юм шиг.
Миний хувьд бага байхаасаа одоо хүртэл энэ асуултыг өөрөөсөө болон эргэн тойрноосоо асуусаар ирсэн. Тэднээс сонссон хамгийн түгээмэл хариулт бол "Хүүхэд хэрэгтэй ш д" эсвэл "Байхгүй бол болохгүй, амьдрал утгагүй". Хэрэгтэй гэдэг нь нас яваад өвдөөд зовоод, хүний гарт ороод ирэхээр өөрийгөө асруулах хүн хэрэгтэй гэсэн утга л даа. Хүүхэд бол амьдралын утга учир, аз жаргал гэж олон хүмүүс хэлдэг. Зарим хүмүүс бүр хүүхэд гаргавал зарим төрлийн хавдар тусах магадлал бага байдаг гэж ярьдаг. Тэгэхээр хүүхэд гэдэг чинь хүмүүсийн аз жаргалтай, эрүүл байх, хөгширснийхөө дараа ганцаардахгүй байх гэсэн өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн даатгал болж таарлаа. Тодорхой хүмүүст энэ нь болохгүй зүйл байхгүй. Гэвч бид хүүхдэд эргүүлээд юу өгч чадах вэ, сайн амьдрал өгч чадах уу үгүй юу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Нэгэнт хүний биеийг энэ дэлхий дээр авчрах гэж байгаа бол сайхан амьдралыг өгдөг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд элэг бүтэн, аз жаргалаар дүүрэн орчинд, хангалттай чанарлаг хоол хүнс хэрэглэж, шаардлага хангасан орон гэрт амьдарч, цаашлаад ирээдүйд нь тус болох өндөр боловсролыг олгох хэрэгтэй. Ингэснээр хувь хүний хөгжил сайжраад, улс орны нийгэм эдийн засаг хөгжөөд ирнэ. Ер нь хүн амын тоондоо биш чанартаа анхаарал хандуулмаар байна.
Эцэст нь базаад хэлэхэд охид эмэгтэйчүүд бие биенийхээ амьдралын сонголтыг байгаагаар нь хүндэтгэн үзээч, тус тусынхаа амьдралд сэтгэл хангалуун байж, заавал чинийхтэй ижил биш гээд битгий бусдын амьдрал, цаг завыг дорд үзэж, өөрийнхийгөө өндөрт бодож байгаачээ гэж хүсмээр байна. Монголчууд цаг цагаараа байдаггүй гэдэг. Гадаадад бол бүх юм цаг цагтаа тохиолддог гэдэг. Зарим хүмүүс эрт ханиа олдог, зарим нь орой гэрлэдэг жамтай. Хэзээ гэдэг нь чухал биш бүх зүйл зөв цагтаа болж байх нь чухал. Тэгэхээр хүмүүс нэг нэгэндээ битгий буруу зөвлөмж өгч байгаачээ, залуу эмэгтэйчүүдийг хурдан хүнтэй суу хөгширлөө гэхээс илүү хурдан сурч боловсорч, зөв хүн болж, зөв хүнтэй учирсныхаа дараа хүүхэд гарга гэж зөвлөөчээ гэж хүсмээр байна. Энэ нь эргүүлээд нийгмийн маш олон асуудлыг шийднэ шүү.