Энэ явдлаас хойш ямар нэгэн баяр ёслол, салбарын онцлог үйл явдал, үзэсгэлэн хурал болох бүрт манай байгууллагын зарим эмэгтэй мэргэжилтнүүд тэрхүү Very Important People өрөөнд нь өдөржингөө зууш, чихэр жимс бэлдэх, архи дарс хундагалах ажлыг хийдэг болов. Энэ жишиг өөр байгууллагуудад байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй ч яахийн аргагүй ямар ч ажлын газарт байж боломгүй зүйл юм. Харин энэ талаар эсэргүйцэх, дэлгэн ярих эрэгтэй, эмэгтэй хүн надаас өөр байдаггүй нь мөн ч гайхалтай. Угаасаа л эмэгтэйчүүд дарга нарын архидахад үйлчлэх ёстой гэсэн хүлээлт болон хүлээн зөвшөөрөлт эрэгтэй, эмэгтэй гэлтгүй байгаад байгаа юм.
Энгийн үед бусад эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу ажилтан, мэргэжилтнүүд тус тусын ажлын үүргийн хувиарийнхаа дагуу ноогдсон зүйлсээ хийгээд, түүндээ ноогдслн цалингаа аваад явдаг хирнээ баяр ёслол, дарга сайд нар, гадны зочид гийчдийг хүлээн авах үед ЭМЭГТЭЙ бөгөөд ЗАЛУУХАН хүүхнүүдийг сонгон авч тэр өрөөнд оруулан үйлчлэгч, зөөгч, ширээний хүүхний үүргийг яагаад гүйцэтгүүлнэ вэ? Миний хувьд энэ нь мэргэжил боловсролтой залуу эмэгтэйчүүдийг ажил мэргэжлийнх нь хувьд доромжлон, доош хийгээд зогсохгүй, сэтгэлзүйн хувьд эмэгтэйчүүдийг чи тогоо шанагатай зууралдах, үйлчилгээний ажил хийх ёстой, удирдах албан тушаалын тухай бол санаад ч хэрэггүй, тэр зөвхөн эрчүүдэд зориулагдсан зүйл гэсэн мессежийг тархинд нь суулгахын хажуугаар эмэгтэйчүүдийг тэрхүү эрэгтэй удирдах ажилчдын зугаацан цэнгэж буй нөхцөлд тавиж өгснөөр ямарваа бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх эрсдэлд оруулах өндөр магадлалтай.
Бидний нэг их эсэргүйцээд байдаггүй, байх л ёстой асуудал юм шиг хүлээн аваад сурчихсан энэхүү бурангуй хандлага нь ердөөсөө эмэгтэй хүнийг ажлын байран дээр нь зөвхөн ажлын гүйцэтгэл, ур чадвараар нь үнэлэх бус, эмэгтэй хүнд байх ёстой чанар буюу эмэгтэй хүний тухай нийгэмд огтсон хэм хэмжээ: хайр халамж, эелдэг зөөлөн, бусдад туслах чанар зэргээр нь үнэлдэг, тийм зүйлийг тэднээс хүлээдгээс үүдэлтэй байж болох юм.
Ингэхлээр эмэгтэй хүн ажлын байран дээрээ хүлээн зөвшөөрөгдөж, амжилт гаргахын тулд зөвхөн ажлаа хийх бус хүн бүртэй сайхан харицаж, хамтач, тусч заримдаа шаардлагатай үед үйлчлэгч, ширээний хүүхний ажлыг хийх шаардлагатай болж байна. Би үүнийг шударга гэж бодохгүй байна. Энэ мэт ажлын байран дээрх хүйсийн алагчлал, шударга бус байдлыг зөвхөн эмэгтэйчүүд хамтдаа шийдэж чадна гэж бодном. Энэ тухай эмэгтэйчүүд илүү чанга, тод яриасай гэж мөн хүснэ.